НЬЮ-ЙОРК. /BBC/. АНУ-ын Төв банкны үүргийг гүйцэтгэдэг Холбооны нөөцийн систем /ХНС/ бодлогын хүүгээ сүүлийн 10 жилийн хугацаанд анх удаа 25 базис пунктээр /1 базис пункт = 0.01 хувь/ бууруулж, жилийн хүүг 2-2.25 хувь болголоо.

Бодлогын хүүг бууруулах нь Америкийн эдийн засаг өсөхөд тус дөхөм болно гэж зарим шинжээч үзэж байна. Харин энэхүү шийдвэрийг шүүмжлэгчид ХНС АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг өөгшүүлж байна гэж үзэж байгаа аж. Бодлогын хүүгээ бууруул гэж Трамп өмнө нь удаа дараа шаардаж байжээ.

Харин Трамп дээрх шийдвэрийг хангалтгүй гэж шүүмжлээд, үүнд ХНС-ийн тэргүүн Жером Пауэллийг буруутгажээ. “Пауэлл биднийг үргэлж гонсойлгодог, гэхдээ тэр ядаж эхлэх ёсгүй байсан бөгөөд инфляц үүсэхгүй байх байсан тоон чангарлын /QT буюу балансыг тэнцвэржүүлэх бодлого/ үеийг төгсгөл болголоо. Юутай ч бид ялагчид, гэхдээ би ХНС-ээс том дэмжлэг авч чадахгүй нь тодорхой байна" гэж Трамп твиттер хуудсандаа бичсэн байна.  

АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ бууруулна гэж урьдчилан таамаглаж байсан боловч лхагва гарагт тус улсын хөрөнгийн биржүүдийн индексүүд унаж эхэлжээ.

Бодлогын хүүг бууруулах шийдвэр нь дэлхийн эдийн засгийн өсөлт удааширсантай зарим талаар холбоотой байсан гэж Жером Пауэлл хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна. Тэрбээр мөн ХНС нь Ерөнхийлөгч Трампын шахалтад орсон гэх таамаглалыг няцаажээ. Түүнчлэн энэ онд бодлогын хүүг дахин бууруулж магадгүй гэдгийг үгүйсгээгүй байна.  



Эх сурвалж: Монцамэ агентлаг