Санхүүжилт байхгүйн улмаас АНУ-ын Засгийн газар баасан гарагаас бямба гарагт шилжих шөнө үйл ажиллагаагаа хэсэгчлэн зогсоожээ. Конгресст бүгд найрамдахчууд болон Ардчилсан намынхны хооронд Мексиктэй залгаа хилийн дагуу хана барихад хөрөнгө мөнгө гаргах тухай асуудлаарх хэлэлцээ бүтэлгүйтсэнтэй холбоотойгоор Засгийн газрын үйл ажиллагааг “шатдаун” буюу асуудлыг шийдэхийн тулд тодорхойгүй хугацаагаар түр зогсооход хүрчээ. 

Америкийн хууль тогтоогчид бүр 10 дугаар сарын 1-нээс эхэлсэн 2019 оны санхүүгийн жилийн төсвийг одоогоор батлаагүй байгаа юм. Төсвийг 12 дугаар сарын 21-ний үд гэхэд  батлах шаардлагатай байсан боловч баасан гарагт Конгрессын хоёр танхимын хуралдаан хоёул буулт хийсэн шийдвэр гаргаагүй учир холбооны байгууллагуудыг хаахаас зайлсхийж чадаагүй байна. Одоогийн байдлаар Төрийн Департамент, Сангийн яам, Худалдааны яам, Дотоод аюулгүй байдлын яам санхүүжилтгүй болоод байгаа аж. Бусад байгууллагуудын хувьд Конгресс өмнө нь 2019 оны есдүгээр сарын эцэс хүртэл санхүүжилт олгож амжсан байжээ. 

Конгрессын Төлөөлөгчдийн танхим пүрэв гарагт хана барихад 5.7 тэрбум ам.доллар гаргах тухай хуулийн тогтоолын төслийг баталсан байна. Гэвч Сенатын танхим дахь Ардчилсан намынхан хаалт барихад ийм их хэмжээний санхүүжилт олгохыг тусгасан ямар ч тогтоолд хориг тавихад хангалттай тооны санал байгаа гэдгийг анхааруулжээ. Эцэст нь Конгрессын дээд танхимын хурал санал хураалт бололгүй тарсан байна. 

“Шатдаун” удаан үргэлжлэхгүй гэдэгт найдаж буйгаа Трамп Твиттер хуудсаараа мэдэгджээ. Тэрбээр Ардчилсан намынхны санал өөрт нь хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрөөд, хана барихад хөрөнгө мөнгө гаргахын төлөө саналаа өгөхийг тэдэнд  хандан уриалжээ. 

Конгрессын хоёр танхим зөвхөн бямба гарагийн  үдээс хойш хуралдах боломжтой. Засгийн газрын ажил хэр удаан зогсох нь тэдний хэлэлцээний үр дүнгээс хамаарна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

TASS