АНУ Ираны эсрэг авсан хориг арга хэмжээний жагсаалтад Ираны 6 иргэн, 2 байгууллага болон Тегераны Эвин шоронг оруулсан тухай АНУ-ын Сангийн яамны гадаадын хөрөнгөд хяналт тавих газар мэдэгджээ.

“Исламын Бүгд Найрамдах Иран улсын дуу хоолоо” төрийн радио телевизийн компанийн захирал Абдулали Али-Асгари болон "Ансар-е Хезболлах" бүлэглэлд хамаарах 3 хүнийг, мөн үг хэлэх эрх чөлөөг хязгаарлахад дэмжлэг үзүүлсэн хэмээн өөр 2 хүнийг хориг арга хэмжээний жагсаалтад нэмжээ. Түүнчлэн гар утасны аппликейшн болон бусад программын тусламжтайгаар засгийн газрын ард иргэдийг хянах үйл явцад дэмжлэг үзүүлсэн гэх “Hanista Programming Group” байгууллагыг жагсаалтад оруулсан байна.
 
2015 онд байгуулагдсан Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи хэлэлцээр болох Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөөнөөс АНУ-ыг гаргаж байгаагаа тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 8-нд зарласан билээ. Мөн тэрбээр Ираны эсрэг шинэ хязгаарлалтын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээ мэдэгдэж байсан юм.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг