Оросын Холбооны Улсад 2018 оны эхний 9 сарын байдлаар авлигатай холбоотой эрүүгийн 6123 хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шалгагдсан хүмүүсийн 40 хувь буюу 2684 нь хахууль өгсөн жирийн иргэд байжээ. Мөн тэдгээр хүмүүсээс гадна хууль сахиулах салбарын 790 албан хаагч, худалдаа, арилжааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагад удирдах албан тушаал эрхэлдэг 596 хүн, орон нутгийн захиргааны байгууллагын 502 албан тушаалтан, 495 цэргийн албан хаагч, төрийн болон орон нутгийн байгууллагын 483 албан хаагч шалгагджээ.

Шүүхэд шилжүүлсэн авлигын хэргүүдийг тоон үзүүлэлтээр харуулбал, нийт хэргээс бага хэмжээний хохирлын дүнтэй хахууль 22,3 хувь, хөрөнгө завшсан 19,8, хахууль өгсөн хэрэг 18 хувь, хахууль авсан 15,1 хувь, төрийн өмчийг өөртөө хууль бусаар авсан 8,3 хувь, албан тушаалаа урвуулан ашигласан 3,7 хувь, албан тушаалын байдлаа хэтрүүлсэн 3,3 хувь, албан баримт бичиг хуурамчаар үйлдсэн 2,6 хувь, хахуульд дамжуулагчаар оролцсон 2,7 хувь, хууль бус үйлчилгээ үзүүлсэн 2,7 хувь, эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэрэг 0,5 хувийг тус тус эзэлж байгаа ажээ.


Эх сурвалж: www.iaac.mn/