Австрали улсын эдийн засаг 1991 оноос хойш анх удаа уналтад орж байгаа тухай тус улсын Статистикийн хороо өчигдөр мэдэгдлээ. 

Дэлхийн эдийн засгийн хямралд ч өвдөг сөхөрч байгаагүйгээр барахгүй сүүлийн 30 жилд байнга өсөлттэй явж ирсэн тус улсын эдийн засаг энэ оны 2-р хагасын байдлаар 7 хувиар агшсан байна.

Үүний гол шалтгаан нь удаан хугацаанд үргэлжилж байгаа ган хуурайшил, их хэмжээний газар нутаг хамарсан түймэр дээрээс нь Covid-19 коронавирусын цар тахал, түүнийг даван туулах оролдлого тус улсын эдийн засгийг сөхрүүлж байна гэж Австралийн статистикийн хорооны дарга Майкл Смедес хэлэв.

Коронавирусын цар тахлыг хяналтдаа авахын тулд Австрали улс хөл хорио тогтоосон, айл өрхүүд бараа бүтээгдэхүүн худалдан авахаа больсон, ажлын цаг богиноссон, нийгмийн халамж 40 гаруй хувиар өссөн аж.

Тус улсын засгийн газар цар тахалтай тэмцэхийн тулд олон арван тэрбум доллар зарж байна. Австрали 26 мянган коронавирусын халдварын тохиолдол гарч, 663 хүн нас бараад буй. Ихэнх нь тус улсын хоёр дах том хот Мельбурн болон түүний эргэн тойрон хотуудад гарч байна. Одоогоор Мельбурн хотод 5 сая хүн хөл хорионд байна.