СӨҮЛ. /Yonhap/. НҮБ-ын тэргүүн асан, БНСУ-ын Уур амьсгал, агаарын чанарын асуудал хариуцсан Үндэсний зөвлөлийн тэргүүн Бан Ги Мүн агаарын бохирдлыг хэрхэн бууруулах талаар хэлэлцэхээр энэ долоо хоногт БНХАУ-д айлчилна.


Бан Ги Мүн тэргүүтэй БНСУ-ын Байгаль орчны асуудал эрхэлсэн агентлагуудын өндөр түвшний төлөөлөгчид Хятадын Байгаль орчны сайд болон бусад төлөөлөгчидтэй өмнөд нутгийн Ханжоу хотод мягмар, лхагва гарагт уулзана. 


Нарийн ширхэглэгт тоосонцорын бохирдлыг хэрхэн бууруулах хийгээд энэ чиглэлд хөрш орнуудтай хэрхэн хамтран ажиллах арга замыг эрэлхийлэх чиглэлд үйл ажиллагаа явуулдаг Уур амьсгал, агаарын чанарын асуудал хариуцсан Үндэсний зөвлөлийн тэргүүний албыг Бан Ги Мүн өнгөрсөн дөрөвдүгээр сараас хашиж эхэлжээ. 



Сүүлийн жилүүдэд БНСУ-д агаарын бохирдол ихээхэн нэмэгдэх болсон бөгөөд өнгөрсөн гуравдугаар сард нарийн ширхэглэгт тоосонцорын хэмжээ урьд байгаагүй өндөр хэмжээнд хүрсэн юм. Уг тоосны нэлээд хэсгийг Хятадаас гаралтай хэмээн үзэж байгаа аж. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг