Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд Азийн төлөөх Боао форумын Улаанбаатарын бага хурлыг 2019 оны наймдугаар сарын 20-ны өдөр зохион байгуулахаар бэлтгэл хангаж байна.

Тус форум нь бүс нутгийн орнуудын хооронд эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэх, бизнес эрхлэгчдийн хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэхийг гол зорилгоо болгодог бөгөөд манай улс уг үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцохыг зорьж ирсэн. Форумын бага хурлыг Монголд анх удаа зохион байгуулах нь БНХАУ зэрэг Азийн орнуудтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжүүлэхэд тус дөхөм үзүүлнэ хэмээн зохион байгуулагчид үзэж байна. Бага хуралд Азийн төлөөх Боао форумын дарга Бан Ги Мун зэрэг өндөр албаны хүмүүс болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл өргөнөөр оролцохоо мэдэгджээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, Азийн төлөөх Боао форумын дарга Бан Ги Мүн маргааш хүрэлцэн ирэх аж.

Монгол Улс нь Азийн эдийн засаг, хөгжлийн асуудлыг хэлэлцдэг чухал суваг болох Азийн төлөөх Боао форумыг санаачлагч орнуудын нэг юм.