Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваагаас хэрэглээний зээлийн хязгаарлалтын талаар тодрууллаа.

-2019 оны эхний өдрөөс хэрэглээний зээлийн дээд хугацаа 30 сар болсон. Ингэж зээлийн хугацааг хязгаарлах зорилго, шалтгаан юу байв?

-Сүүлийн 7-8 жилд иргэдийн өрийн дарамт хоёр дахин нэмэгдчихлээ. Энэхүү нөхцөл байдлыг арилгаж, даамжруулахгүйн тулд арга хэмжээ авах ёстой. Яагаад гэвэл энэ нь эргээд эдийн засгийн хэтийн төлөв байдалд нөлөөлөх боломжтой. Иймээс энэхүү арга хэмжээг авсан. Энэ оны эхнээс ор орлогын харьцааг 70 хувиас хэтэрч болохгүй, хугацаа нь дээд тал нь 30 сар байна гэж заасны цаад агуулга нь иргэд дээр ирж байгаа өрийн дарамтыг л багасгах. Цаашдаа ч үүнийг бууруулах шаардлага байгаа. 

Нөгөө талаасаа эдийн засгийн энэ эх үүсвэр цаашаа хөрөнгө оруулалт, бизнесийн чиглэл рүү очих ёстой. Ингэж байж ажлын байр нэмэгдэнэ, иргэдийн орлого нэмэгдэнэ. Үр дүнд нь иргэд өр тавьж, ирээдүйгээ барьцаалж, хэрэглээгээ танах байдлаар бус орлогоосоо хэрэглээгээ санхүүжүүлдэг арга барил руу аажмаар шилжиж байна. Ингэснээр бизнес, хөрөнгө оруулалт цааш тэлнэ. Хэрэв энэ чигээрээ өрийн дарамт үргэлжилсээр байвал нийгмийн эмзэг байдал руу шилжих аюултай.


-Өрийн дарамт хэр байгаа вэ?

-Өр 6-7 жилийн өмнө ДНБ-тэй харьцуулж үзвэл 17-18 хувьтай тэнцдэг байсан. Тэгвэл энэ онд энэ үзүүлэлт 33-35 хувьтай тэнцэхээр болчихлоо. Бараг 2 дахин түвшинд нэмэгдсэн гэсэн үг. 

Зээлийн мэдээллийг арилжааны аваад үзэхээр нийт сарын орлогынхоо дунджаар 70 гаруй хувийг нь зээлийн төлбөрт сар болгон шилжүүлж байх жишээтэй. Зарим тэтгэврийн зээл бүр дундаж нь 92 хувьтай, ихэнх нь 100 хувь зээлийн төлбөрт явж байна. Тэгэхээр энэ нь эмзэг байдлыг бий болгочихсон. Тухайн хүнд орлогын 30 хувь үлдэж байна гэдэг хангалттай дүн биш. Бид үүнийг цаашид илүү бууруулах ёстой. Энэ чигээрээ үргэлжлүүлэх эдийн засгийн хувьд ч зөв биш, ирээдүйдээ эрсдэлтэй. Гэхдээ өнөөдөр шууд үр дүн нь гарахгүй, алсуураа эдийн засгийн идэвхжлээ дагаад бий болох үр нөлөөтэй.


-Зээлийн хязгаарлалт ББСБ-ыг дэмжчих юм биш биз гэсэн яриа бий. Зарим ББСБ-ууд хүүгээ ч нэмсэн сурагтай?

-Үүнийг тооцоолсон. Тиймээс ч өндөр хүүтэй ББСБ-уудад иргэд хандахаас сэргийлэх зорилгоор Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк дундаасаа ажлын хэсэг гараад ББСБ-ын зээлд судалгаа хийх ажил эхлүүлсэн. Санхүүгийн системийн тогтвортой байдал талаас нь авч үзэх юм бол банк, ББСБ хоёр өөр эрсдлийн орчинтой. ББСБ-ууд эрсдэл үүссэн тохиолдолд зөвхөн хөрөнгө оруулагч буюу уг байгууллагыг ажиллуулж байгаа хүмүүсийн хөрөнгийн эрсдэл байдаг. Харин банк бол харилцагчдын эх үүсвэрээр бизнес хийж зээлийн эх үүсвэрээ гаргадаг учраас юун түрүүнд нь банкны хэрэглээний зээлийг хязгаарлах ажлыг эхлүүлэх ёстой. 

Зарим хүмүүс яагаад хэрэглээний зээлийг банкны системтэй холбоотой талаар асуудаг л дээ. Хэдийгээр чанаргүй зээлийн дотор хэрэглээний зээл бага байгаа ч цаашдаа эрсдэл үүсэхийг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл өрийн дарамт 2 дахин нэмэгдчихсэн гэдэг нь тухайн өрийн эмзэг байдлыг харуулж байна. 

Хэрвээ иргэн ажлын байраа алдах, цалин орлого буурчихвал зээлдэгч мэдээж зээлээ төлж чадах эсэх дээр эрсдэл үүснэ. Энэ нь өөрөө арилжааны банкны тогтвортой байдал, цаанаа хадгаламжийн асуудал учраас ирээдүйд үүсэх болзошгүй эрсдлээс сэргийлэх ёстой. Төв банкны үүрэг нь энэ.


-Зээлийн хязгаарлалтад хэдий болтол үргэлжлэх вэ?

-Тогтсон хугацаа байхгүй. Өнөөдөр бид орлогын 70 хувийг зээлийн төлбөрт зарцуулж буйг хязгаарлаж байна. Цаг хугацааны хувьд эдийн засгийн идэвхижилт сайн, орлого, цалин, тэтгэвэр нэмэгдэж байгаа энэ цаг үе, боломжийг ашиглаад өрийн дарамтыг бууруулах нь зөв. Цаана нь үлдэж байгаа 30 хувийг бид үр хүүхдийнхээ боловсролд зарцуулах ёстой учраас одооноос арга хэмжээ авахаас аргагүй. Хуримтлал үүсэхгүй байгаа шалтгаан чинь энэ шүү дээ. 


-Зарим иргэдийн хувьд хэрэглээний зээлийн хязгаарлалтыг дурамжхан хүлээж авсан

-Өнөөдөртөө бага зэрэг хэцүү санагдаж байж болно. Гэхдээ л ирээдүйгээ бодож зохицуулагч байгууллага үүн дээр хяналт тавихаас өөр арга байхгүй. Нөгөө талаар хэрэглээний зээлийн хязгаарлалт бол зах зээл дээр санхүүгийн зуучлалыг тасралтгүй сайн хүртэж байх санхүүгийн эрх ашгийг хамгаалж байгаа хэрэг юм. Хэрвээ тухайн хүн их хэмжээний зээл авчихаад төлж чадахгүй бол хар  жагсаалтад орно. Зээлээ ч авч чадахгүй байдалд хүрнэ.