Behance бол график, вэб дизайнеруудын бүтээлээ хуваалцаж, бусдад танигдах хамгийн чухал сайт. Та энэхүү нийтлэлээс Behancе-ыг бүрэн дүүрэн ашилаж, хамаг л "үр шим"-ийг нь хүртэхийг сурах болно. Эхлэхээсээ өмнө Behance-ыг товч танилцуулах нь зөв биз ээ. Энэхүү сайтыг Скотт Бельски, Матиас Кориа нар бүтээлч мэргэжил, бүтээлч ертөнцийг хүчирхэгжүүлж, үүнийг аль нь ч байхгүй газарт хүргэх зорилгоор 2006 онд бүтээжээ.

Түүнээс хойш Behance ямар нэг зар сурталчилгаагүйгээр нэр алдарт хүрч, хамгийн чадварлаг уран бүтээлч, дизайнер, салбарын мэргэжилтнүүд бүтээлээ бусадтай хуваалцах болсон юм. 2012 онд Adobe компани Behance-ыг худалдан авч Adobe Creative Cloud-тай нэгтгэсэн. Ингэснээр ACC-ын хэрэглэгчид Behance Prosite-ад аккаунттай болж, Adobe-ын программуудаас бүтээлээ Behance руу шууд экспортлох боломжтой болжээ. 

Ерөнхийдөө Behance-д график, вэб дизайнер, ерөнхий зураач нар түлхүү байдаг ч хөдөлгөөнт график, зураг, реклам тэргүүтнийг олж болно. Ингээд Behance-ыг цогцоор нь ашиглах аргуудыг танилцуулъя. 


1. Зөвхөн шилдэг бүтээлүүдээ л тавь

Ажил санал болгогчид таны портфелиэр тухтай зочлох цаг зав байхгүй. Тиймээс хийсэн бүх төслөөрөө тэднийг дарах хэрэггүй. Зөвхөн тэдэнд харуулахыг хүссэн шилдэг гэсэн ажлуудаа л тавьж портфелиэ эмх цэгцтэй байлга. Сэтгэлд нийцээгүй бүтээлүүдээ устгахаас бүү санаа зовоорой. Behance нэг хуудсанд 12 бүтээл харуулдаг. Нийтдээ 3-4 хуудас байхад л хангалттай. 


2. Гүйцэтгэж буй ажлаа сонирхуул (WIP)

Зарим хүн аль бүтээл нь илүү сайн болохыг шүүж чаддаггүй. Гэхдээ Behance танд тусалж чадна. Behance-д Work in Progress (WIP) буюу гүйцэтгэж буй ажлаа харуулах маш гоё цэстэй. Энэ салбарын бүтээлчид ихэвчлэн гэрийн, оффисын "вакуум" орчинд ажиллаж бусдын санал сэтгэгдлийг сонсож тэр бүр чаддаггүй. Тэгвэл тэрхүү цэсийг ашиглаж та WIP-оо тавиад нийтээс сэтгэгдэл авах боломжтой. Олны сэтгэгдэл авснаар та бүтээлээ хэр болж байгааг мэдэх, эргээд бүтээлүүдээсээ сонгох гэж толгойгоо гашилгах хэрэггүй болно. 


3. Ажлаа зөв танилцуул

Кроп цэсийг зөв ашиглаж сур. Behance танд хийж буй ажлаа танилцуулах боломж олгосон. Танилцуулах зураг бол хүмүүс таны портфель рүү ороод хамгийн түрүүнд хардаг зүйл. Тиймээс зургийнхаа зөв хэсгийг кроплож танилцуулахад анхаараарай. Сонирхол татахуйц байлгахын тулд та дараах зүйлсийг шалгаарай. 

WIP дүрс багтаа. Хүмүүс таныг дизайнаа хэрхэн гаргасныг харахыг үргэлж хүсдэг. Энэ нь таны төслийг илүү сонирхолтой болгоно.

Нарийвчилсан зураг хавсарга. Behance таны бүтээлийг 600рх өргөн харуулна. Тиймээс эх хувь нь 2000рх өргөн бол 600 руу шилжүүлэхэд их зүйл алдагдах учир кроплож оруулбал хэр их ажиллагаа зарцуулсан тань тодорхой харагдах болно. 

Бичлэг оруул. Зарим хүн туториал буюу заавар бичлэг оруулахдаа дэлгэцээ бичиж авдаг. Хэдэн цагийн бичлэг болдог ч амархаан хасаад, цэгцэлчихэж болно шүү дээ. Иймэрхүү бичлэгийг дараа нь Behance-д оруулахад хэрэг болдог.

Хуудсынхаа харагдах байдалд анхаар. Behance танд портфелийнхээ өнгө төрхийг өөрчлөх олон сонголт өгдөг. Эдгээр цэсийг ашиглан өнгө, хүрээ зэргээ өөрчлөн бүтээлээ гоцруулаарай. 


4. Wacom, Pantone, ADWEEK, AIGA, RISD, Pratt, SVA, болон SCAD тэргүүтэй сургууль, байгууллагууд Behance дээр ангилсан цомог (Curated Galleries)-той байдаг. Үүнд нэгдсэнээр эдгээр сургууль, байгууллагуудад таны бүтээлийг танилцуулахад илүү амар болдог билээ. Олон зураг илгээх тусам сонгогдох магадлал нэмэгдэнэ. Эцсийн бүтээгдэхүүн, WIP гээд юу ч байж болно. 


5. Тоо баримт ашигла

Behance дизайнеруудын бүтээлүүдийн талаар бүх төрлийн тоо баримтыг харуулдаг. Та профайл дээрх Statistics цэсийг дарж бүтээлийг тань хэр олон удаа үзсэн, хэн үзсэн талаар мэдээлэл авч болно. Эдгээр мэдээлэл Behance-д цаг зав, эрч хүчээ хэрхэн зарцуулахаа шийдэхэд туслана. 

6. Сэтгэгдэл авахын тулд бусад сошиал сүлжээг ашигла

Behance вакуум орчинд байдаггүйг цохон тэмдэглэх чухал. Behance хуудсыг тань илүү үр нөлөөтэй болгоход бусад олон нийтийн сүлжээ ч чухал нөлөөтэй. Behance-ын WIP цэс олон нийтийн хандлагыг мэдэхэд хэрэгтэй ч танд WIP байхгүй бол яах вэ. Тэгвэл Инстаграм, Твиттер, Фэйсбүүкээ ийм зориулалтаар ашиглаж болно шүү дээ. 

7. Ажлаа сурталчил

Behance хэдий ур чадвараа бусдад таниулж болох гайхалтай арга ч ганц үүнд найдаж болно гэсэн үг биш. Органикаар өөрийгөө таниулахад цаг хугацаа их орох тул таниас багахан дэмжлэг хэрэгтэй. Ялангуяа та бүтээлээ борлуулах зорилготой бол шүү дээ. Google, Facebook-т сурталчлуулж, мөнгөө зарлагад гэсэн үг биш. Бүтээлээ хүмүүс рүү цахим шуудан, мессенжерээр явуулж, хүмүүсийг сонирхож, таалагдвал "Appreciate" дарахыг хүсэж болно. Мөн өөрийн ашигладаг олон нийтийн сүлжээнүүдтэй Behance профайлаа холбоорой. Ингэвээс шинэ бүтээлээ оруулахад бусад сүлжээнд ч давхар ордог давуу талтай.  


8. Чадварлаг уран бүтээлчдийг дага 

Behance руу бүтээлээ оруулж эхэлсэн л бол энэ сайтыг сайтар судлах хэрэгтэй. Ингэхдээ олсон бүх чадварлаг уран бүтээлч, дизайнеруудыг дагаарай. Олон хүн дагах тусам Behance-ын үндсэн нүүрт олон бүтээл харагддаг. Урам, бүтээлч санаа авах гайхалтай боломж. 

9. "Appreciate"-ийг харамгүй хий

Бусдын бүтээлийг "Appreciate" хийх нь Behance-д хийж болох хамгийн чухал зүйлсийн нэг. Танд таалагдсан бүтээлийг таалахад таныг дагадаг хүмүүст харагдаж, тухайн бүтээлийг сурталчилж өгдөг. Behance-д та олон хүний бүтээлийг таалах тусам тэд эргээд талархлаа илэрхийлдэг. Хоёр талдаа ашигтай гэсэн үг. 


10. Behance-ын аппыг утсандаа суулгах 

Behance ухаалаг гар утсанд суулгаж болох хоёр аппликэйшн гаргасан. Нэг нь таныг Behance-ын сүлжээг ашиглах, нөгөө нь Behance портфелиэ үйлчлүүлэгчдэд хүргэх зориулалттай. Сошиал сүлжээ сайтын бүх л апптай адилхан мэдээ бүрийг цаг тухайд нь авах боломжтой. 


11. Зохих гавьяаг дурд

Аливаа бүтээлд зураач, дизайнер, зурагчин, зураглаач, 3D артистыг нь дурдахгүй өнгөрч болохгүй. Телевизийн зар сурталчилгаа, зарын том самбар л биш бол шүү дээ. Ялангуяа Behance-д уран бүтээлчдийн зохих гавьяаг дурдахгүй бол гэмт хэрэг л гэсэн үг. Гэхдээ санаа зовох зүйлгүй, Behance уран бүтээлчдийг дурдах ажлыг ихээхэн хөнгөвчилж өгсөн. Танд л гэж хэлэхэд баг болж ажилласан туршлагатай хүмүүсийг төсөлд авах хүсэлтэй хүн олон. Тиймээс аливаа бүтээлээ оруулахдаа хамтарсан хүмүүсээ дурдахаа мартуузай. 

12. Профайлаа шинэчил 

Та профайл үүсгэхдээ холбогдох хаягт аль болох олон мэдээлэл оруулаарай. Цахим шуудангийн хаяг, өөрийн вэбсайтын холбоос, Твиттер, фэйсбүүк хаяг тэргүүтнээ бүгдийг нь хавсарга. Ингэвэл захиалагчдаас санал ирэх магадлал нэмэгдэх болно. 

Бүтээл, ур чадвараа бусдад таниулахын тулд олон нийтийн бүх сүлжээг ашигла гэдэг. Гэхдээ ингэх бараг л боломжгүй бөгөөд цаг хугацаагаа дэмий зарцуулах магадлалтай. Бүтээх цагаа олон нийтийн сүлжээнд зарцуулаад байж болохгүй шүү дээ. Цагаа ухаалаг зарцуулахын тулд өөрт хэрэгтэй, үр дүнтэй гэсэн сошиал сүлжээнүүдийг л ашигла.