МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр өглөө хуралдаж У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэж үзсэн. Энэ чиглэлийг баримталж ажиллахыг ч УИХ дахь МАН-ын бүлэгт даалгасан. Энэ дагуу МАН-ын бүлэг хуралдаж Удирдах зөвлөлийн шийдвэрийг олонх нь дэмжихээр болсон билээ.

Үүний дараа Төрийн байгуулалтын байнгын хороо Засгийн газрыг огцруулах асуудлаар хуралдаж, нэлээд ширүүхэн үгсийг бие биедээ хэлээд амжсан. Гэвч байнгын хорооны гишүүдийн олонх нь буюу 65 хувь нь Засгийн газрыг огцруулахыг дэмжээд буй юм.

Үүнтэй холбоотойгоор Бүгд Найрамдах Намын дарга Б.Жаргалсайхан өөрийн цахим хуудаснаа "У.Хүрэлсүхэд" хэмээн хаяглаж, байр сууриа илэрхийлжээ.

Тэрээр "Төр барьж байгаа намын бүлэг хоёр хуваагдаад урд урдаасаа уралцаад, зэрэгцээд суучихсан хоёр өөр мэдээлэл хийж байгаа нь эр булаалдсан эмсүүд шиг ямар муухай ёс зүйгүй харагддаг юм бэ.
У.Хүрэлсүхээ наад газрын наймаачин М.Энхболд, тагтааны наймаачин Д.Оюунхорол, албан тушаалын наймаачин Ж.Мөнхбат, алтны наймаачин Д.Хаянхярваа, Н.Номтойбаяр тэргүүтэй хогийн шаарнуудаа намаасаа хөөчихөж болдоггүй юм уу?

Хөөж болдоггүй сэтэртэй юм бол энд тэнд дайн дажинтай, зовж байгаа Судан, Сир, Венесуэль, эсвэл хойт Солонгос улсууд руу элчингээр явуулаатхаач. Явж жаахан амьдрал үзэг. Наад хэдэн наймаачид чинь холдчихвол энэ төр засаг чинь арай аятайхан болчих гээд байх юм. Ийм өчнөөн хоноцон бантан шиг юмнуудтай зууралдаад юугаа хийдэг юм. Эсвэл мотоциклээ унаад над дээр хүрээд ир. Энд Монгол улсын хөгжлийг бүрэн зураглалаар нь харчихсан ЭРҮҮЛ НАМ байна" хэмээн нийтлэжээ.