ДЭМБ өнөө өглөөний 05.00 цагт хуралдаж, шинэ коронавирусийн халдвар дэлхий дахинд нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал зарласан. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын эрүүл мэндийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг өнөө өглөө хуралдаж, коронавирусээс сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааг хоёр дахин эрчимжүүлэх чиглэл гаргажээ. 

Шинэ коронавирусын асуудлаар Эрүүл мэндийн яам, ДЭМБ, ХӨСҮТ-өөс өнөөдрийн 11.00 цагт мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица "ДЭМБ өнгөрсөн шөнө хуралдаад БНХАУ болон бусад улсад коронавирусын халдварын тохиолдол нэмэгдэж буй учир дэгдэлтийн эрсдэлийг хяналтад авахдаа олон улсын хамтын ажиллагаа, эв нэгдэл чухал болохыг онцлоод "нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал" гэж зарлалаа. 

Батлагдсан тохиолдлын тоо дэлхийн хэмжээнд өчигдөр 7834 байсан бол өнөөдөр 9774 болсон байна. 213 хүн нас барсан. Дэгдэлтийн явцыг харахад оргил үедээ ороод буурах хандлага ажиглагдаж байна. Гэхдээ энэ талаар мэдээллэх нь эрт байна. БНХАУ-аас бусад 18 улсад бүртгэгдсэн 89 тохиолдол нь нийт тохиолдлын 1 хувийг эзэлж байна. Ихэнх нь Ухань хотод зорчсонтой холбоотой. Зарим нь хүнээс хүнд дамжсан байна. 

ДЭМБ-ын онцгой байдлын хурлаас гаргасан зөвлөмжүүдийг нэгтгээд хэлэхэд

1. ДЭМБ-аас одоо буй мэдээлэлд үндэслэн аялал худалдаанд хязгаарлалт хийхгүй байхыг улс орнуудад зөвлөж байна. 

2. Эрүүл мэндийн тогтолцоо нь сул орнуудад туслах зорилгоор коронавирусын халдварыг ноцтой байдал гэж зарласан.

3. Вакцин, эм бэлдмэл, оношлуурын үйлдвэрлэлийг хурдасгах хэрэгтэй гэж зөвлөсөн. 

Монголын Эрүүл мэндийн яам ДЭМБ-ын баталж, худалдаанд гаргаж эхэлсэн оношлуураас 3000 хувийг авахаар захиалгаа өгсөн. 14 хоногийн дотор нийлүүлнэ. Эцэст нь хэлэхэд ард иргэд өөрсдийгөө хамгаалж, хувийн ариун цэврийг сахиж, халдвар гарсан бүс нутагт аялахгүй байх, халдвар тархсан улсаас ирээд шинж тэмдэг илэрч буй бол эмнэлгийн байгууллагад яаралтай хандах шаардлагатай. Мөн худал мэдээлэлд автахгүй байхыг хүсье" хэмээн мэдээлллээ.