БНСУ-ын Ерөнхийлөгч асан Ли Мён Багийг барьцаагаар суллахаар болсон тухай “Yonhap” агентлаг Сөүл хотын Дээд шүүхийн шийдвэрээс иш татан мэдээлжээ. Тэрбээр авлигын хэргээр 15 жил хоригдох ял авсан юм.

Тус агентлагийн мэдээлснээр, шоронд хоригдоод нэг жил болж байгаа Ерөнхийлөгч асны биеийн байдал муудсан нь түүнийг барьцаагаар суллах үндэслэлүүдийн нэг болжээ.

Ли Мён Багийг баривчлах зөвшөөрлийг 2018 оны гуравдугаар сарын 22-нд өгсөн байна. Өмнөд Солонгосын Прокурорын газар мөн оны дөрөвдүгээр сарын эхээр түүнийг авлига авсан, мөнгө угаасан, татвараас зайлсхийсэн, эрх мэдлээ урвуулан ашигласан, сонгуулийн хуулийг зөрчсөн хэрэгт буруутгаж, 20 жил хорих ял оноохыг шаарджээ. Ли Мён Багийг мөн Үндэсний тагнуулын албаны нууц ажиллагаануудыг санхүүжүүлдэг нууц сангуудаас 10.3 сая хүртэл ам.долларыг хууль бусаар авсан хэрэгт сэжиглэсэн байна.

Сөүл хотын Дээд шүүх 2018 оны 10 дугаар сарын 5-нд Ли Мён Багт 15 жил хорих ял оноожээ. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан өөрийг нь буруутгасан хэргүүдийг удаа дараа няцааж, эрх баригчид авлигатай тэмцэх нэрийдлээр консерватив хүчнүүдийн эсрэг кампанит ажил явуулж байна гэж мэдэгдэж байв.

Тэрбээр БНСУ-ын Ерөнхийлөгчийн албыг 2008-2013 онд хашиж байсан билээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, TASS