БНСУ-ын Авлигын эсрэг иргэний эрхийн хороо 2016 оны 9 дүгээр сараас хэрэгжиж эхэлсэн Авлига ба хээл хахуулийг хориглох хуулийн хэрэгжилтийг хянах зорилгоор хууль тогтоогчдын эсрэг бие даасан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Үр дүнд нь Үндэсний Ассемблейн 38 гишүүнийг тус хуулийг зөрчсөн байж болзошгүйд тооцон, сэжигтнээр татсаны нэг нь Үндэсний Ассемблейн дарга Мун Хи-сан байжээ.

Тэрээр Солонгосын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (KOICA)-аас 16 сая вон буюу 14266 ам долларын тусламж авч өөр гурван хууль тогтоогчийн хамт өнгөрсөн жил Вьетнам улс руу 3 хоногоор явсан байна.  

Дээрх хууль нь төрийн албан хаагч, хууль тогтоогч, багш, сэтгүүлч нар болон тэдний эхнэр эсвэл нөхрийг хамааруулдаг бөгөөд “3-10-10”-ийн дүрэм буюу хэн нэгнийг зөвхөн 30000 воноор хоолонд дайлах, 100,000 воны бэлэг өгөх, хурим эсвэл оршуулгын ажилд 100000 вон хүртэлх мөнгө өгөхийг л зөвшөөрдөг ажээ.

Үндэсний Ассемблейн дарга Мун нь дээрх 3 өдрийн аяллын үед Ассемблейн Гадаад бодлогын хорооны гишүүн байсан бөгөөд KOICA бүх зардлыг нь хариуцсан учир хоёр талын нислэгийн тийз, хоол, байрлах байр болон бусад зардалд өөрөөс нэг ч вон гаргаагүй хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдэгджээ.