Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт 12000 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэсэн. 

Тус газарт “Майдар хот” төсөл хэрэгжүүлж, үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт хийнэ гэдгийг мэдэгдсэн.

Үүнтэй холбоотойгоор цахимаар иргэд "Их майдар" төсөл хувийн бүтээн байгуулалт байтал төрөөс газрыг нь шийдэж өгөөд дээрээс нь төсөв гаргах гэж байна гэх хардлага, мэдээлэл тарааж буй юм.

Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн твиттер хуудаснаа "Майдар төсөл бол хувийн хэвшлийнхэн хэрэгжүүлэх төсөл учир төсөлд шаардагдах хөрөнгө мөнгийг тэд өөрсдөө л гаргах учиртай. Засгийн газрын баталгаа гаргаж өгсөн, өгөх тухай асуудал Засгийн газрын хурал дээр огт яригдаагүй. Яригдах ч учиргүй юм. 

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан Засгийн газрын хуралдаанд газрын тухай асуудал оруулсан. Газрын тухай хуулийн дагуу үндэсний хэмжээний бүтээн байгуулалтын газрыг Засгийн газар тусгай хэрэгцээнд авна гэдэг заалт бий. Майдар төсөл бол үндэсний хэмжээний бүтээн байгуулалт гэсэн Ерөнхийлөгчийн зарлиг бий. Ийм учиртай" хэмээн тайлбар мэдээлэл нийтлэжээ.