СИНГАПУР. /The Guardian/. Дрон ажиглагдсаны улмаас “Changi” нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа долоо хоногийн хугацаанд хоёр удаа саатсан талаар Сингапурын эрх баригчид мэдээлжээ.

“Мягмар гарагт цаг агаар муудаж, үл таних дрон ажиглагдсаны улмаас хөөрөх, буух 18 нислэг саатаж, долоон нислэгийн чигийг өөрчилсөн” гэж Сингапурын Иргэний агаарын тээврийн газраас мэдээлсэн байна. Уг мэдэгдэлд дурдсанаар, нисэх буудлын үйл ажиллагаа нэг цаг орчим саатсан ажээ. 

Азийн хамгийн ачаалал ихтэй нисэх онгоцны буудлуудын нэг “Changi”-гийн ойролцоо өнгөрсөн долоо хоногт дрон харагдсантай холбоотойгоор олон арван нислэг саатсан юм.

Сингапурын хууль тогтоомжийн дагуу нисэх буудлын ойролцоох 5 километр зайд зөвшөөрөлгүйгээр дрон нисгэхийг хориглодог байна. 

Сүүлийн үед дронууд нисэх салбарт аюул занал учруулж болзошгүй томоохон эрсдлүүдийн нэгд тооцогдох болсон бөгөөд нисэх буудлын үйл ажиллагаа дроны улмаас саатсан тохиолдол өмнө нь хэд хэдэн удаа гарсан юм. 

Тэдгээрээс дурдвал, өнгөрсөн нэгдүгээр сард Их Британийн Лондон хотын хамгийн ачаалал ихтэй “Heathrow” нисэх буудал, АНУ-ын Нью-Жерси муж улсын “Newark” олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа дроны улмаас тус тус саатсан байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг