Чихний гүнд халдвар орж үрэвсүүлснээс хэнгэрэг цоорч, чихнээс идээ гарахыг чих булагтах гэж ярьдаг. Улмаар цоорсон хэнгэрэг битүүрч анихгүй үе үе булаг гоожих нь энэ өвчин архагшиж байгаагийн шинж гэнэ. Чихний хэнгэрэг цоорох хэд хэдэн шалтгаан байдаг. Тухайлбал хүүхдийн хамар битүүрэхэд чихнээс нь булаг гардаг. Үүнийг эцэг эхчүүд тоохгүй явснаас болж үрэвсэл нь архаг хэлбэрт шилжиж салстууд нь гэмтэж байнга булаг гоождог болдог ажээ.  Удаан хугацаанд булаг гарвал чихэн дэх холбоос ясууд байнгын чийглэг орчинд идэгдэж сонсох чадвар муудаж эхэлдэг болохыг "Сонгдо" эмнэлэгийн чих, хамар, хоолойн эмч Ю.Баянмөнх эмч зөвлөлөө.

Хэрэв энэ чигээрээ 1-6 сар эмчлүүлэхгүй явбал чихэнд ойр байрлах эрхтэн учраас нүүрний мэдрэлд цаашлаад амтлах эрхтэнд, бүр хөхөнцөр эрхтэнд нөлөө үүсгэн тархи гавалд ч нөлөөлөх аюултай байдаг. Өөрөөр хэлбэр тархины гавлын нимгэн ханыг цоолж буглаа үүсгэдэг гэнэ. 

Тиймээс чихнээс булаг гардаг хүмүүс бактерийн эсрэг эмчилгээг хийлгэж ёстой ажээ. Эсвэл ханиад хүрч антибиотик хэрэглэх үедээ бүрэн төгс эмчилгээ хийж хурц үрэвслийг дарах ёстой гэв. Хэрэв өөрсдөө дур мэдэн антибиотик авч уувал чихний доторх бактерийг хүчтэй болгож, өвчинд мэдрэх чадварыг бууруулдаг. Иймээс л дунд чихний үрэвслээр өвдсөн тохиолдолд заавал эмчид хандах хэрэгтэй аж.

Мөн чихнээс булаг гардаг хүмүүс усан сан, саун зэрэг чийглэг орчинд удаан байж болдоггүй. Нийтийн хэрэглээний бохир ус чихэнд орсноор бактерийг сэргээж, үрэвсэл үүсгэх өндөр магадлалтай. Ихэвчлэн хүүхдийн чихний хэнгэрэл цоорох магадлалтай. Бага насны хүүхэд хамраа сайтар цэвэрлэж чаддаггүй, сонсголын гуурс нь шулуун байрлалтайгаас мөн хүүхдийн уусан шингэн чих рүүгээ орох гэх мэт шалтгаанаас болж хэнгэрэг цоорох асуудал давамгай ажиглагддаг  гэв.