Чингэлтэй дүүргийн удирдлагууд “Нээлттэй нийслэл” мэдээллийн цагт оролцож 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, дүүргийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хэрэгжүүлсэн үндсэн чиглэл, дүүрэгт хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний явц, үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.

“Нээлттэй нийслэл” мэдээллийн цагт Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Төсөл хөтөлбөр хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж нар оролцов.

Чингэлтэй дүүргийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн таван чиглэлтэй ажилласан. Тухайлбал Жаргалтай амьдрал – Нийгмийн хөгжил, Жаргалтай ирээдүй – Эдийн засгийн хөгжил, Жишиг төлөвлөлт – Дэд бүтцийн хөгжил, Жаргалтай орчин – Ногоон хөгжил, Жаргалтай иргэн – Нутгийн удирдлагын хөгжил гэсэн үндсэн 5 чиглэлийн биеэлт 98,3 хувийн биелэлттэй байна.

Чингэлтэй дүүрэг 2017 оныг эрүүл мэндийг дэмжих жил болгон зарлаж “Эрүүл мэнд-2020” хөтөлбөр хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд 6 зорилт 56 хэрэгжүүлэх үйл ажиллагаа бүхий төлөвлөгөө боловсруулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. 

Энэ хүрээнд Нийслэлийн төсвөөс 834.6 сая төгрөг, Нийслэлийн ОНХС-ын хөрөнгөөр 296 сая, дүүргийн төсвийн хөрөнгөөр 742.5 сая, дүүргийн ОНХС-ын төсвөөр 50.7 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн. Мөн 78.2 сая төгрөгөөр эмч, эмнэлгийн ажилтнуудыг чадавхжуулах, албан хаагчдын эрүүл мэндийг хамгаалахад чиглэгджээ. Нийт 2066.9 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгээд байгаа юм.

Мөн нийт 16 Өрхийн эрүүл мэндийн төвд нэн шаардлагатай 16 төрлийн 47 ширхэг эмчилгээ, оношлогооны багаж тоног төхөөрөмжийг нийлүүлээд байна. Ингэснээр Өрхийн эмнэлгүүд 4-5 төрлийн эмчилгээг бие даан хийдэг болж байгаа юм. Тухайлбал хороодын ӨЭМТ-өөр Эхо болон зүрхний цахилгаан бичлэг хийлгэхээр 2016 онд 6458 иргэн хандаж байсан бол 2017 онд 12019 иргэн үйлчлүүлж Эрүүл мэндийн төвийн ачааллыг бууруулжээ.

“Чингэлтэйн боловсрол– 2020” хөтөлбөрийн хүрээнд 5 бүлэг бүхий 20 үйл ажиллагааг хийж хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 2017-2018 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын төрийн өмчийн 17, төрийн бус өмчийн 8 сургуульд 26460 сурагч, Албан бус насан туршийн боловсролын төвд дүйцсэн хөтөлбөрөөр 153 хүүхэд суралцаж байгаагаас суурь боловсрол эзэмших 25, бүрэн дунд боловсрол эзэмших 33 суралцагч суралцаж байна. Төрийн 29, төрийн бус өмчийн 24 цэцэрлэгт 11386 хүүхэд хамрагдаж хамран сургалт 73.3 хувьтай байна.

Чингэлтэй дүүрэг агаарын бохирдлыг бууруулах хүрээнд гэр хороолын айл өрхүүдийн дулаан алдагдал багасгах, эрчим хүчинд хэмнэлттэй дулаан ялгаруулагч танилцуулах зэрэг ажлуудыг эхлүүлсэн. 

Гэр хорооллын айл өрхүүдийн дулаан алдагдал багасгах ажлын хүрээнд “Гүүд шейринг” ХХК-тай хамтран 1531 айл өрхийн зууханд дулаан баригч суурилуулсан. Айл өрхийн түлшний хэрэглээг нэмэгдүүлэх ажлын хүрээнд “Дашваанжил” ХХК-тай хамтран 300 гаруй өрхөд сургалт зохион байгууллаа. 

Утааг багасгах ажлын хүрээнд айл өрхүүдэд “Мон ватт” ХХК-тай хамтран Эко тулгат зуух буюу халаах төхөөрөмжийг танилцуулж байна. Айл өрхийн сууцны дулаан алдагдлыг бууруулах хүрээнд Дулаалгын аянг гэр хорооллын 13 хороонд өрнүүлэн ажиллаж байгаа гэж Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.