Ам.доллар төгрөгийн эсрэг аажмаар чангарч буйг эдийн засагчид ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн хурал хойшилсонтой холбон тайлбарлаж байгаа. Засаг бүрдсэний дараа ОУВС-гийн хөтөлбөр хэвийн үргэлжилнэ гэсэн хүлээлт бий. Тэр утгаараа энэ удаагийн долларын ханшийн өсөлтийг богино хугацааных гэж харах шинжээч олон байна. Эдийн засагч Ч.Отгочулуутай төгрөгийн ханш сулрах болсон шалтгаан, долларын ханшийн таамаглал, үндэсний валютаа үнэгүйдүүлэхгүй авч явах гарц гэсэн сэдвүүдийг тойрч ярилцлаа.

-Сүүлийн өдрүүдэд ам.долларын ханш аажмаар чангарч байна. ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн хурал хойшилсноос өөр ямар шалтгаан ханшид нөлөөлж байгаа бол?

-Есдүгээр сард хичээлийн шинэ жил гэх мэт эрэлт ихэссэн шалтгаанаас болж төгрөгийн ханш сулардаг. Долларын ханш чангарсан хоёр дахь шалтгааныг хүлээлт гэж харж байна. Сая Монгол банкны мэргэжилтнүүд нөөц хасах руу орсон гээд мэдэгдчихлээ. Засаг солигдоход том хөрөнгө оруулалтууд зогсдог. Том хөрөнгө оруулалтын зогсолт төлбөрийн тэнцэлд муугаар нөлөөлдөг. Тэр утгаараа ханшид нөлөөлнө. Хамгийн гол нөлөөлөл нь төр засгийн тогтворгүй байдал. Улстөрчид хэдхэн сарын дараа баахан доллар өрөнд өгнө, ахиад бонд авахаас аргагүй гэх мэт судалгаа, тооцоогүй мэдэгдэл их хийж байна л даа. Валютын сангийн шийдвэр ам.долларын ханшид нөлөөлсөн нь тодорхой. Валютын сангийн тухайд шинэ засаг өмнөх засгийнхаа бодлогыг үргэлжлүүлээд явах нь уу үгүй юу гэдгийг харж байгаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хүүхдийн мөнгө тарааж амлалтаасаа буцсан тал бий. Үүнд соёлтойгоор дургүйцлээ илэрхийлсэн арга байж магадгүй. 

-Төгрөгийн ханш цаашид яах бол, өндөр хамааралтай шалтгаан гэвэл та юуг онцлох вэ?

-Төгрөгийн ам.доллартай харьцах ханш экспорт, гадаадын хөрөнгө оруулалтаас өндөр хамааралтай. Хоёрт нь инфляци, төсөв, мөнгөний бодлого, дунд хугацаанд ОУВС-тай тохирсон хөтөлбөрөө хэр хэрэгжүүлэх вэ гэдгээс шалтгаална. Ирэх онуудад бондын томоохон төлбөрүүд хүлээгдэж байгаа. Төлбөрийг хэрхэн хийх чадвараас олон зүйл хамаарна. ОУВС доллар төгрөгийн эсрэг хүчтэй өсөхгүй, огцом хэлбэлзэхгүй гэж харж байгаа юм билээ.

-Төгрөг сулруулах шалтгаануудыг сая ярилцаа. Эсрэгээрээ төгрөг чангарах үндэслэл байна уу?

-Төгрөг чангарах хэд хэдэн шалтгаан байна. Экспорт өндөр, гадаад худалдааны тэнцэл сайн байгаа. Нөгөө талд нь гадаадын шууд хөрөнгө оруулалт багассан гэх шалтгаан бий ч нэг нь нөгөөгөө баланслаад явчих байх.

-Та түрүүн төгрөгийн ханш цаашид яах нь хүлээлтээс хамаарна гэж онцолсон. Хүлээлт тийм чухал үзүүлэлт мөн үү?

-Төгрөгийн ханш ирэх жилүүдэд хүлээлтээс маш их хамаарна. Тодруулж хэлбэл Монгол банк хүлээлтийг хэр удирдаж, зөв чиглүүлэхээс олон зүйл шалтгаална. Хүлээлтийн эдийн засаг гэдэг ойлголт бий болчихсон. Банкин дээр жишээ татахад эдийн засаг, санхүүгийн харьцаа үзүүлэлтүүд нь эрүүл хэрнээ дампуурч болдог. Энэ банк дампуурах нь гээд давтаж мэдээлээд байхаар хүмүүс хадгаламжаа татаж эхэлдэг эрсдэл бий. Яг тэрэн шиг сүүлийн хоёр гадаад өр, өрийн дарамтаар айлгасан зүйл их явлаа. Ингэж болгоомжилж сэргийлэх нь зөв. Гэхдээ хэт айдас төрүүлбэл эсрэг хүлээлт бий болгоно.

-Долларын ханшийг чөлөөтэй явуулах уу, хатуу барих уу гэдэг дээр Монгол банкны барьж байгаа бодлого тодорхойгүй харагддаг. Манай улсын хувьд ханшийг чөлөөтэй тавих ёстой юу, эсвэл хатуу барих хэрэгтэй юу?

- Бодлогын хувьд ам.доллар болон төгрөгийн ханш чөлөөтэй хөвж байх ёстой. Чөлөөтэй хөвнө гэдэг маань машинаар бол амортизаторын үүрэг гүйцэтгэж байна гэсэн үг. Зөөллөх үүрэгтэй гэж ойлгож болно. Монгол банкны хувьд гадаад, дотоод шок үүсэхэд ацан шалаанд ордог. Манайх долларжилт харьцангуй өндөртэй улсад багтдаг. Олгосон зээлийн 40 орчим, хадгаламжийн 40-50 хувь нь доллар. Онолоо бариад ханшаа чөлөөтэй тавьчихъя гэхээр маш олон бизнесийн эрх ашиг хөндөгдчих гээд байдаг эрсдэлтэй. Ханшаа удирдаад хатуу барьчихъя гэхээр валютын нөөцөөрөө интервенц хийгээд дуусгачих гээд байдаг. Доллар хадгаламж, зээлд нь нөлөөтэй гэсэн онцлог манай улсад бий. 

-Бусад улсын хувьд доллараас хамааралгүй аж төрөх боломжоо яаж, ямар шийдлээр бүрдүүлсэн байдаг вэ?

-Долларын ханшийг гадны том хатуу валюттай хатуу уячихдаг. Хонгконг гэхэд юаньтай уядаг. Европын холбооны улсууд нэг валюттай болчихно гэдэг хамгийн дээд шатны уялт. Хятад ханшаа өөрсдөө зарладаг. Бие дааж мөнгөний бодлого явуулах, төв банктай байх эрхээсээ зарим улс татгалздаг л даа. Жишээ нь Германг, Франц, Грект бие даасан мөнгөний бодлого гэж байхгүй, Европын төв банк бодлогыг нь барьдаг. Ингэж байж хатуу ханш руу ордог. Хятад яагаад хатуу ханштай хэрнээ бие даасан бодлоготой байна вэ гэсэн асуулт гарч ирнэ. Капиталын хяналтаа маш сайн хийдэг юм.

1997 оны Азийн хямралын шалтгаан капиталын хяналт сулаас үүдсэн. Хямралд өртсөн Солонгос, Тайвань зэрэг улс маш хүчтэй төв банктай, бие даасан бодлоготой байсан. Ханшаа зарладаг байсан ч капиталын урсгалаа сул тавьснаас болж эрсдэлд орсон юм. Хятадын хувьд орох гарах урсгал буюу капиталаа маш сайн хянадаг. Сүүлийн үед Орос ч тэгдэг болсон. 100 сая доллар солиулахад зөвхөн тусгай цэгээс тусгай зөвшөөрөлтэйгөөр солиулдаг. Гэтэл манайх долларын ханш дээр нэлээд задгай тоглодог. Капиталын хяналт байхгүй. Чөлөөтэй урсах ёстой гэж үздэг. Дээр нь төв банктай. Бие даасан бодлоготой гэж үздэг. Долларын ханшаа зарлаж ч чаддаггүй, зарлахгүй ч байж чаддаггүй сонин байдалтай болчихсон.

-Манайхаас өөр долларын ханш дээр задгай тоглодог улс байна уу?

-Ингэж долларын ханш дээр дүрэмгүй гэмээр тоглодог улс дэлхийд манайхаас гадна нэг л бий. Тэр нь Америк.

-Америк хэн билээ дээ. Доллар үйлдвэрлэдэг улс...?

-Харин тийм. Доллар үйлдвэрэлэдэг, хүчирхэг нөөцтэй, геополитикийн том хүчтэй, аж үйлдвэрийн том гүрэн. Дэлхийн эдийн засгийн 20 хувийг дангаараа эзэлдэг улс гэхээр дэлхийд ганц манайх л дүрэмгүй тоглож байна даа. 

-Долларын ханшийн эрсдлээс гарах ойрын ирээдүйн бодитой гарц байна уу, ингэхэд?

-Ирээдүйн идеальний шийдэл гэвэл Орос, Хятадтай маш хатуу ханштай болох нэг том гарц бий. Рубль юань хоёр хэлбэлзэхгүй. Тогтсон нэг ханш байж болно гэсэн үг. Тэгвэл бидэнд долларын ханш хэд байх нь хамаагүй болчихно. Хятадаас юаниар, Оросоос рублиэр юм худалдаж авч, худалдаагаа ч хоёр хөршийнхөө үндэсний валютаар хийнэ гэвэл ханш тогтворжих боломжтой. Энэ тохиолдолд бие даасан мөнгөний бодлого явуулж чадахаа байна. Хөршүүдэд инфляци үүсвэл манайд ч нөлөөлнө гэсэн үг. 

-Бие даасан бодлогоо авч үлдээд ханшаа чөлөөтэй хөвүүлнэ гэвэл яах ёстой вэ?

-Төлбөрийн балансынхаа удирдлагыг зөв хийх ёстой. Дэлхийн ихэнх улсын төв банк үүнийгээ анхнаас нь их зөв зарладаг. Хүлээлтээ зөв бий болгодог. Хоёр туулай хөөхгүй, нэгийг нь хөөнө гэдгээ заавал хэлдэг. Ямар ч улсын үндэсний валютын үнэ цэнийг гадаад, дотоод ханш гэж хоёр янзаар тодорхойлж болдог. Төгрөгийн хувьд доллартай хэдээр харьцаж байгаа нь гадаад ханш. Өнгөрсөн жил 100 мянган төгрөгөнд 50 ам.доллар худалдаж авч байсан бол энэ жил тэр мөнгөөрөө яг адилхан хэмжээний доллар авч чадаж байна уу гэдгээр гадаад ханшийг хэмждэг. Дотоод ханш гэдэг нь худалдан авах чадвар буюу инфляци. Өнөөдөр 100 мянган төгрөгөөр авсан хүнсээ дараа жил ахиад 100 мянгаар авах боломж байгаа эсэхээр дотоод ханшийг хэмждэг. Улс орнууд үндэсний мөнгөн тэмдэгтээ ингэж хараад бодлогоо хэрэгжүүлдэг. Европын холбоо дотоод ханшаа анхаарна, инфляцийг хоёр хувьд л барина гэчихдэг. Ам.доллар еврогийн харьцааг зах зээлээрээ яваг гэдэг. Хонгконг гадаад ханшаа барина,инфляци зах зээлийнхээ жамаар яваг гэдэг. Гэтэл манайх ойлгомжгүй. Монгол банкны хуулийг уншихаар төгрөгийн тогтвортой байдлыг, төгрөгийн ханшийг хамгаална гэдэг. Дотоод, гадаад аль ханш нь юм бүү мэд. 

олларын ханш хүлээлтээс өндөр хамааралтай гэсэн дүгнэлтийг таны ярианаас хийчихэж болохоор байна. Төв банк, улстөрчдийн зүгээс хийдэг мэдэгдлүүд, товчхондоо улстөржилтөөсөө татгалзчихвал төгрөгөө үнэгүйдүүлэхгүй амьдрах боломж байгаа гэдэгтэй та санал нийлэх үү?

-Эдийн засаг суурь үзүүлэлтээрээ бол дажгүй яваа. Зарим тоо, үзүүлэлтүүд уул уурхайгаас хараат улсын хувьд байх л үзэгдэл. Инфляци нам дор төвшинд удаан хугацаанд байлаа. Гадаад худалдаа дажгүй өндөр төвшинд хүрсэн. Энэ утгаараа ханшаа тогтвортой барих боломж байсан. Гэтэл манайх өнгөрсөн жил улстөржсөн айхавтар мэдэгдлүүд гаргачихлаа. Евро бондыг яаж төлөх дээр гэхэд нэг дор гурван янзын мэдэгдэл гаргах жишээний. Эцэст нь татвар төлөгчдийн мөнгөөр долоон жилийн дараа эргэж төлөхөөр, долоон хувийн хүүтэй “Хуралдай” бондоор сольсон. Энэ мэтчилэн Засгийн төвшний нэгдсэн удирдлагагүй байдал эдийн засагт багагүй нөлөөлж байна. Тэгэхээр төгрөгийн ханшид оролцож байгаа төрийн бодлогын байгууллагуудаа чадавхижуулах хэрэгтэй. Хамгийн эхний алхам бол ерөөсөө л улстөржилтөөс хол байлгах.

-Урд хөрш юаниар баталгаажсан үнэт цаасаар шатахууны импортоо хийх гэх мэт доллараас зугатсан хандлага анзаарагдаж эхэллээ. Урт хугацаандаа долларт дарлуулахгүйгээр амьдрах боломж гарах нь гэсэн олзуурхал байна. Таны хувьд энэ хандлага дээр ямар бодол, байр суурьтай байна вэ?

-Олон улсын байдал түгшүүртэй байна, манай улсын худалдаа хийдэг бүс нутагт долларыг төлбөрийн хэрэгслээс гаргах хөдөлгөөн эрчимжсэн гэх мэт доллар алсдаа сулрах шалтгаанууд анзаарагдаад эхэлсэн гэдэгтэй санал нэг байна. Хятадын юань ОУВС-гийн дэлхийн гүйлгээнд өргөн хэрэглэгддэг хатуу валютын сагсанд орчихлоо. Хятад улс бол түүхий эд, газрын тос импортлохдоо долларыг ашиглахаа больж, юаниар баталгаажсан үнэт цаасыг илүү ашиглая гэж байна. Сүүлийн үед Арабын улсууд, Венесуэль гэх мэт газрын тос ихтэй орнууд аль болох түүхий эдийн экспортдоо долларыг хэрэглэхээс зайлсхийгээд эхэллээ л дээ. Улстөр, геополитикийн хувьд петродоллар гэсэн нэршил хүртэл бий. Дэлхийн аль өнцөгт худалдаа хийж байгаагаас үл хамаарч доллар хэрэглэдэг, хатуу валют дотроо доллар бол эдийн засагчдын хэлдгээр ажлын морь, хонины ганц байсан. Энэ байдал ганхаж эхэлсэн. ОХУ санкцид орчихсон гэдэг утгаараа энэ хөдөлгөөнийг дэмжиж байх шиг байна. Ирээдүйд долларын оронд евро, юань гэх мэт төлбөрийн хэрэгсэл нэлээд хүчтэй болох болов уу. Монголын хувьд урт хугацаанд долларын ханшаас хамааралтай байдал багасах байх.