МАН-ын 28 дугаар Их хурал өнгөрсөн долоо хоногт болсон. Энэ талаар өнөөдөр МАН-аас мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан дараах мэдээллийг онцлон мэдэгдэв.

Тэрээр "МАН-ын 28 дугаар Их хурал амжилттай болж өнгөрлөө. Гурван өдөр үргэлжлэхээр төлөвлөсөн ч таван өдөр хуралдлаа. Их хурал сунжирсан шалтгаан нь төлөөлөгчид идэвхтэй оролцож, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, олон хүн санал хэлж, асуулт асуусантай холбоотой. МАН-ын 211 мянган гишүүнийг төлөөлж 1309 төлөөлөгч сонгогдон оролцсон. 

Их хурлаар намын даргаа сонгож, дүрмэндээ өөрчлөлт оруулсан.

Намын Бага хурлын гишүүд 310 байсныг 369, Удирдах зөвлөлийн гишүүн 33 байсныг багасгаж 29 болгосон. Мөн намын шат шатны сонгуульт албан тушаалд эмэгтэйчүүдийн квотоор 25 хувьд дэвшүүлдэг байсныг 30 хувь болгож өөрчилсөн. Намын шат шатны сонгуульт ажилтанг нэр дэвшүүлэхэд намын анхан шатны байгууллагын төлөөллийг 30-иас доошгүй хувь дэвшүүлнэ гэж тогтсон. Ямар ч үед намын Ерөнхий нарийн бичгийг дарга нь Удирдах зөвлөлөө даргалдаг байх нь зөв гэсэн шийдвэрийг төлөөлөгчид гаргасан. Энэ нь намын даргын эрх мэдлийг тодорхой хэмжээнд хязгаарлах, хяналт тавих, намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт болоод намаас томилогдсон албан тушаалтанд хяналт тавих боломжийг бүрдүүлж буй юм. 

Намын дүрмэнд тодотгол хийсэн. Гэхдээ үзэл баримтлалын хувьд биш мөрийн хөтөлбөрт тодотгол хийсэн. МАН нийгмийн ардчилсан үзэл баримтлалыг 2010 онд нэрээ сэргээхдээ илүү тодотгож авсан. Монголын ард түмэн МАН-аас юуг хүлээх ёстой вэ гэдгийг илүү тод болгохыг зорьсон. 

МАН-ын хичээн эрмэлзэх зүйлийг гурван бүлэгт хувааж товч танилцуулахад:

  1. Эрх чөлөө, тусгаар тогтнол-Ард түмнийхээ эрх чөлөө, улс орны тусгаар тогтнолын төлөөх үзэл санаа манай намын уугуул өв, үнэт зүйл гэдгийг зарлан тунхаглаж, Монгол Улсынхаа тусгаар тогтнол, иргэдийнхээ эрх чөлөөг хангахад хэрэгжүүлэх арга замаа тодорхойлсон
  2. Шударга ёс, хариуцлага- МАН шударга ёс, хариуцлагыг үйл ажиллагааныхаа нэн тэргүүний зарчим болгон тунхаглаж байгаа. Энэ хүрээнд эв санааны нэгдлийн зарчмыг нийгмийн шударга ёсны тулгуур гэж үзэж, нийгэм, улс төр, эдийн засгийн бүхий л үйл ажиллагаанд шударга ёсыг тогтоож, хариуцлагыг эрхэмлэх болн гэж намын гишүүд үзсэн.
  3. Эв нэгдэл, итгэл зүтгэл- Энэ нь манай намын үндсэн зорилго байна. Төрийн бодлогыг тууштай байлгаж, хүний эрх, эрх чөлөөний бүх талын баталгааг хангаж, ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлэхийг эрмэлзэнэ.

МАН-ын хичээн эрмэлзэх эдгээр зүйл буюу мөрийн хөтөлбөр нь намын бүхий л үйл ажиллагаанд баримтлах үндэс болно.

Их хуралд оролцсон төлөөлөгчдийн гол санаа зовниж байсан зүйл нь МАН-ын эв нэгдлийн асуудал байсан. 2016 онд иргэд МАН-д итгэсэн итгэлийг дааж гарахад ихээхэн анхаарч хэлэлцсэн. Үүнтэй холбоотойгоор намын дүрмэнд тодорхой заалт оруулсан. 

Үүнд "УИХ, Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн хуралд сонгогдсон төлөөлөгчид эв эеэ хичээж, намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлд голчлон анхаарч ажиллах ёстой" гэсэн заалт оруулсан. Үүнийг хэрэгжүүлж чадаагүй намын гишүүдэд хариуцлага тооцно.

Ингэснээр дээрх заалтыг хэрэгжүүлэх, хянах үүрэг бүхий Намын хяналтын ерөнхий хороо, Ёс зүйн дэд хороодыг байгуулсан.

Намын хяналтын ерөнхий хорооны даргаар Д.Батбаатар, намын ёс зүйн дэд хорооны даргаар Т.Баасанцогт нарыг сонгосон. Өнөөдөр тамга тэмдгээ хүлээн авч, ажилдаа орж байна" хэмээн мэдэгдлээ.