Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар коронавирусийн цар тахлын үед эдийн засгийг дэмжих Засгийн газраас хэрэгжүүлэх хоёр дахь багц арга хэмжээний асуудлыг хэлэлцэж, хоёр тогтоол гаргалаа.

Тус тогтоолын хүрээнд зарим тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 5 дугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд 100.000 төгрөгөөр нэмэгдүүлж олгохоор шийдвэрлэжээ

Энэ талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Халамжийн сангаас тэтгэвэр авдаг 3600 өндөр настан бий. Энэ хүмүүс сард 188.000 төгрөг авдаг. Тус мөнгөн дээр нь 10 дугаар сарын 01-н хүртэл сар бүр 100.000 төгрөг нэмж, нийт 288.000 төгрөг олгоно.

Хөгжлийн бэрхшээлтэй 42.500 орчим иргэн байдаг. Энэ хүмүүс мөн сард 188.000 төгрөг авдаг. Үүнийг нь 100.000 төгрөгөөр нэмэгдүүлж, 10 дугаар сарын 01-н хүртэл сар бүр нийт 288.000 төгрөг олгохоор боллоо. 

Мөн нийт 16.500 орчим өнчин хүүхэд, 116 одой иргэн байдаг. Тэдэнд олгодог тэтгэмжийг мөн 100.000 төгрөгөөр нэмэгдүүлж, 288.000 төгрөг олгоно.

Өрх толгойлсон, 4-өөс дээш хүүхэдтэй эцэг, эх сард 188.000 төгрөгийн тэтгэмж авдаг. Үүн дээр мөн сары бүр 100.000 төгрөг нэмж олгоно.

Өөрөөр хэлбэл, тэтгэвэр авдаг өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, одой иргэн, өнчин хүүхэд, өрх толгойлсон эцэг эхчүүдийн тэтгэмж дээр тавдугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 01-н хүртэл 100.000 төгрөг нэмж олгоно. Үүнд нийт 31.3 тэрбум төгрөг зарцуулна" хэмээлээ.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргасан бусад шийдвэрийг ЭНД дарж уншина уу.