ВАШИНГТОН. /CNN/. Гитаран хэлбэртэй дэлхийн анхны зочид буудал энэ намар АНУ-ын Флорида муж улсад нээгдэх бөгөөд уг зочид буудлын өрөөнүүдийн захиалгыг пүрэв гарагаас авж эхэлжээ.

Флорида муж улсын Холливуд хотод байрлах 112 метр гаруй өндөр “Hard Rock” зочид буудал ирэх 10 дугаар сарын 24-нд албан ёсоор үүд хаалгаа нээх ажээ.

Hard Rock International” компанийн тэргүүн, “Seminole Gaming” компанийн гүйцэтгэх захирал Жим Аллен гитаран хэлбэртэй зочид буудлын талаар Нью-Йорк хотын “Hard Rock” кафед болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна. 

Гитар хэмээх хөгжмийн зэвсэг нь дэлхий даяар байрладаг “Hard Rock” зочид буудлууд, зоогийн газрууд болон энтертайнмент төвүүдийн хамгийн чухал бэлгэ тэмдэг билээ. 

Уг өвөрмөц зочид буудал нь тансаг зэрэглэлийн 1271 өрөө, арал мэт усан сан, цэнгээний газар, 7000 хүний суудалтай тоглолтын танхим, тансаг зэрэглэлийн спа, олон тооны дэлгүүр, зоогийн газар болон 3000 слот машин, 200 тоглоомын ширээ бүхий какинотой байх ажээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг