Чөлөөт бөхийн 23 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-26-нд Польшийн Быдгощ хотноо болно. 

Тус тэмцээнд манай улс эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцох бөгөөд өнгөрсөн ням гарагт тамирчид “Улаанбаатар-Москва”-гийн нислэгээр Польш улсыг зорьсон. 

Сарын өмнө Сэлэнгэ аймагт болсон олимп, ДАШТ-ий хүрэл медальт, алдарт бөх Дугарсүрэнгийн Оюунболд агсны нэрэмжит тэмцээний жин тус бүрийн аваргууд Быдгощыг зодоглох эрх авсан юм. 

Эмэгтэйчүүдийн 48 кг-д спортын мастер Буяндалайн Чимгээ (Хангарьд), 53 кг-д ОУХМ Ганбаатарын Отгонжаргал (Алдар), 55 кг-д спортын мастер Бат-Очирын Болортуяа (Женко), 58 кг-д ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг (Хасу-Мегастарс), 60 кг-д ОУХМ Энхбатын Гантуяа (Хилчин), 63 кг-д спортын мастер Хүрэлхүүгийн Болортуяа (Аврагч), 69 кг-д спортын мастер Мөнхбатын Хишигмаа (Арслан), 75 кг-д спортын мастер Пүрвээгийн Номин-Эрдэнэ (Алдар) нар Польшийн дэвжээнд зодоглоно. 

Тамирчдыг үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Бямбажавын Баттулга, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Цэндийн Баярсайхан удирдаж буй бөгөөд мэгтэйчүүдийн 55, 58, 63, 75 кг энэ сары 23-нд, 48, 53, 60, 69 кг-ын жингийн барилдаан 24-ний өдөр болно.