Коронавирус дэлхий дахинаа цохилт болсон ч боловсролын салбар бол хамгийн хүндээр өртсөн салбаруудын нэг мөнөөс мөн. Цар тахлын улмаас олон улс сургууль, цэцэрлэг, их сургуулиудыг хаахад хүргэж, энэ шийдэл нь оюутан, сурагч, эцэг эхчүүд болоод багш нарт нөхцөл байдлыг улам л хүнд болгосон юм. 

Аргагүйн эрхэнд зайны хичээлийг зохион байгуулсан ч интернет сүлжээ, компьютер, зайлшгүй шаардлага бүхий техник хэрэгслүүд дутагдалтайгаас хөгжингүй орнуудын хувьд бас нэгэн саад болгожээ.

ЮНЭСКО-гийн мэдээлснээр дэлхий дахинаа нийт 87 хувь буюу 195 орны 1.5 тэрбум оюутан сурагчид коронавируст халдварын эсрэг хөл хорионд өртсөн байна. Хөгжингүй орнуудын хувьд халдварын тархцыг сааруулж, бууруулахын тулд эдийн засгаа тэр чигт нь хааснаар эдийн засаг нь уналтад орж, тэдний хувьд зайны сургалт хамгийн боломжит гаргалгаа байжээ. 

Гэсэн ч энэ гаргалгаа нь хүмүүсийн амьдралын ялгааг улам дөвийлгөж өгсөн юм. Боломжит айлын хүүхдүүд өндөр хурдны интернет, техник, төхөөрөмжтэй байсан бол боломж тааруу айлын хүүхдүүдэд хичээлээ хийх нөхцөл нь бүр л хэцүү болжээ. Боловсролын тэгш хүртээмжийн тухай ярихад ч илт зөрүүтэй болсон юм.

Жишээлбэл, Этиоп улсад хүн амынх нь 80 хувь алслагдмал бүст амьдардаг, цахилгаан сүлжээнд ч холбогдох боломжгүй нөхцөлд байдаг тул радио, телевизийн зайн сургалт, хичээлд хамрагдах гэдэг үнэхээр бэрхшээлтэй.

Коронавирус нь ирэх хоёр жилд ч бүрэн арилахгүй гэсэн таамагтай байгаа учир улс орнуудын хувьд цахим болооод зайн хичээлүүдээ илүү боловсронгуй, хүртээмжтэй болгох асуудал нь зайлшгүй болж байгаа юм.

Дэлхий даяар цэцэрлэгийн наснаас өгсүүлэн оюутнууд хүртэл нийт 1.5 тэрбум суралцагчид хөл хорионд орсон бол тэдний 43 хувь нь хүндэтгэх шалтгааны улмаас хувьдаа компьютер, интернет холболтгүй гэнэ. Мөн тэдний 56 сая нь гар утас ашиглаж чадахгүй учир нь гар утасны сүлжээгүй газар амьдардагтай нь холбоотой. Хөгжингүй орнуудын хувьд бага дунд боловсролын хүрээнд 56 сурагчид нэг техник технологийн мэдлэг хангалттай багш оногдож байгаа бол 60 оюутанд нэг технологийн мэдлэг хангалттай багш оногдож байгаа ажээ. Тиймээс багш нарыг чадваржуулах шаардлага ч тулгарч байгаа юм.

Өндөр орлого бүхий улсуудын 90 хувь нь цахимаар хичээлээ орж байгаа бол тэдний 20 хувь нь телевиз, цахим хичээлийг хослуулж байгаа, харин дундаж орлоготой улсуудын 70 хувь нь телевиз, цахим хичээлийг хослуулж, дунджаас доогуур орлоготой улсуудын 66 хувь нь тийнхүү хичээллэж байгаа гэнэ. Харин бага орлоготой буюу буурай орнууд оюутан суралцагчдынхаа дөнгөж 25 хувьд л цахим болоод зайн хичээл хүргэж чадаж байгаа юм.

Мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар боловсролын байгууллагууд коронагийн дараах сургалтын төлөвлөгөө, бодлогыг боловсруулах нь зүйтэй хэмээжээ. Учир нь коронвирус хэдийгээр алга боллоо ч гэсэн түүний боловсролын салбарт үүсгэсэн хор уршгыг арилгахад нэлээдгүй хугацаа, нарийн төлөвлөгөө шаардлагатай юм.

Түүнчлэн тэдний таамаглалаар цар тахлын дараа боломж багатай өрхийн хүүхдүүд сургуулиа хаях үзэгдэл их байна гэж тооцож байгаа бөгөөд шалтгаан нь тэд гэр бүлдээ мөнгөн туслалцаа үзүүлэх шаардлагатай тулгарах гэнэ. Харин алслагдмал бүсийн өрхүүд мал аж ахуйн ажилдаа туслуулахаар сурагч хүүхдүүдээ төврүүявуулахгүй байх боломжтой ажээ.


Эх сурвалж: Research Gate