Жейкоб Ротшильд гүн RIT Capital Partners сангийнхаа хөрөнгө оруулагчдад хандаж захидал илгээжээ. Тэрээр захидалдаа өөрийн удирдаж буй сангийн санхүүгийн үзүүлэлтүүдээс гадна дэлхийн улс төр, эдийн засгийн талаарх бодол санаагаа багтаасан байна. RIT Capital Partners сан бол Ротшильд хэмээх санхүүгийн салбар дахь хамгийн алдартай эзэнт гүрний багахан хэсэг бөгөөд санхүүгийн үзүүлэлтүүд нь олон нийтэд ил байдаг цөөн эзэмшлийн нэг гэдгээрээ онцлог билээ. Тус хөрөнгө оруулалтын сан нь 1998 оноос хойш нийтдээ 2400%-ийн орлоготой ажилласан тул зарим талаараа Ротшильд гүнгийн эдийн засгийн хувьд гайхалтай үр дүнтэй ажлын сурталчилгаа болж өгдөг ажээ. Бусад санхүүгийн байгууллагууд атаархмаар энэхүү үр дүн болон Ротшильдын гэр бүлийн нэр хүндээс улбаалан дэлхий нийтээрээ Ротшильдын захидлуудад анхаарал хандуулж байдаг. 

Зөвхөн хөрөнгө оруулагчид нь л Ротшильд гүнгээс захидал хүлээн авдаг ч эрт орой хэзээ нэгэн цагт захидлууд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагддаг тул RIT Capital Partners сан өөрийн албан ёсны вэб хуудсан дээрээ захидлуудыг нийтэлдэг байна. 

2018 оны 6 сарын 30 өдрийн захидалд дэлхий даяар тохиосон санхүүгийн хямралын дараах эдийн засгийн сэргэлтэд үл итгэж буй талаар болон өнөөг хүртэл Ротшильдын гэр бүлийн хөгжил цэцэглэлтэд эерэг нөлөө үзүүлж байсан дэлхийн хэв журам алдагдаж болзошгүй талаар сэтгэл зовниж буйгаа өгүүлжээ.

Ротшильд гүнгийн бизнес хамтрагч нарын эгнээнд Уоррен Баффет, Генри Киссинжер хэмээх цуут хүмүүс багтдаг. Тэрээр аль эртнээс л дэлхийн эдийн засаг хэврэг байгаа тухайд анхаарал хандуулж, санхүүгийн хямралын үр дагаврыг мөнгө хэвлэх машины тусламжтайгаар нухчин дарсан барууны банкуудын үйлдлийг шүүмжилж байсан. Ротшильд гүн 2016 онд төв банкууд мөнгөний бодлогод туршилт хийж буй талаар мөн тэрхүү туршилтын үр дүн тааварлашгүй байх талаар бичиж байсан. 

Тэрээр эрсдэл өндөр байгаа тул капиталаа хадгалж үлдэх хэрэгтэй бөгөөд сангийн хөрөнгө оруулалтаас хэчнээн хэмжээний богино хугацааны орлого орох талаар санаа зовних шаардлагагүй хэмээн хөрөнгө оруулагчиддаа мэдэгджээ. Ротшильдын бичсэн захидлууд болон RIT Capital Partners сангийн сүүлийн 4 жилийн санхүүгийн тайланд дүн шинжилгээ хийж үзэхэд сонирхолтой үр дүн гарчээ: Их Британи улсыг Европын холбооноос гарна гэдгийг урьдчилан таамаглаж, хөрөнгөө татан буулгасан байв. Түүнээс гадна хөрөнгө оруулагчиддаа хандан 2016 онд бичсэн захидалдаа Ротшильд гүн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийг стресс ихтэй болно хэмээн нэрийджээ. Тухайн үед олон нийт болон бараг бүх шинжээч, мэргэжилтнүүд Хиллари Клинтоныг үнэмлэхүй ялалт байгуулна хэмээн бат итгэлтэй байсан шүү дээ.  

Дональд Трамп болон Жейкоб Ротшильд нар барууны эдийн засгийг ижил үгсээр шүүмжилдэг ч английн язгууртан Ротшильд америк ерөнхийлөгчийн үйл хэргийг дэмжигч нэгэн бол биш юм. Ротшильдын шүүмжлэл оросын зарим шинжээчдийн үзэл бодолтой нэг нэгэнгүй таарч байгаа нь сонирхолтой. Америкийн зах зээлд санхүүгийн “бөмбөлөг” үүссэн ба хувьцаа, валют зэрэг америкийн хөрөнгө хэт өндөр үнэтэй байгаад гол асуудал байгаа аж. Хамгийн аюултай цаг үед (тухайлбал 2016 онд) буюу Дэлхийн 2-р дайнаас хойших хамгийн өндөр эрсдэлтэй нөхцөлд Ротшильдын сан зарим хөрөнгөө алт болгон хадгалж байсан. 

2016 онд Ротшильд хөрөнгө оруулагчиддаа хандан оросын хэт түрээмгийллээс болгоомжилж буй талаар бичиж байжээ. Харин одоо дэлхийн хэв журамд учирч болзошгүй аюул түүний санааг зовоож байгаа аж. Өмнөх жилүүдэд хямрал тохиож байсан ч том гүрнүүд хоорондоо хамтран ажиллаж байсан бол өнөө үед энэ боломжгүй болсон. Энгийн ард иргэдийн өмнө тоглодог байсан жүжиг дуусаж дэлхийн хүчнүүдийн хоорондох жинхэнэ маргаан үүсэн гэдгийг тэр хэлээд байна. Ротшильдын санаа зовж буй нь гайхаад байхаар зүйл биш юм. Тэрээр захидалдаа Хятад улсыг ялна хэмээн бооцоо тавьсан байв: “Өнөө үед эдийн засгийн боломж Азид, тэр дундаа Хятад улсад, бүрэн нээлттэй байна. Инноваци, технологийн хувьд ч тэр ялгаагүй” хэмээн Ротшильд бичжээ. Тэр эдгээр үгсээрээ энэ цаг үед тохирох өөрийн дараагийн алхам, тактик, стратегийг тайлбарлаж буй юм. 

Эрх мэдэл, нэр нөлөө ихтэй энэхүү санхүүгийн магнатын хийсэн мэдэгдлүүдээс гадна түүний RIT Capital Partners сангийн хөрөнгө оруулдаг эзэмшлүүдийн жагсаалтыг харах юм бол түүний тактик болон стратегийг ойлгож болно. Ротшильдын сан Азид идэвхтэй хөрөнгө оруулалт хийдэг болж таарч байна. Хятад, Япон, Энэтхэгийн хөрөнгөөр мэргэшсэн бусад санд хөрөнгө оруулалт хийдэг аж. Гэхдээ америкийн компаниудаа орхиогүй: мэдээллийн технологи, биотехнологийн салбарт  үйл ажиллагаа явуулдаг компаниудад болон АНУ-ын төмөр замд хөрөнгө оруулахыг эрэлхийлдэг юм байна. Тухайлбал, Ротшильд Dropbox, Alphabet-Google зэрэг алдартай сервисүүдэд хөрөнгө оруулж байсан. 

2016 оноос хойш Ротшильд гүн олон улсын тавцан дахь ОХУ-ын байр сууринд сэтгэл гонсгор байсны улмаас оросын хөрөнгө түүний анхаарлыг татахаа больсон мэт сэтгэгдэл төрсөн байх. Гэхдээ RIT Capital Partners-ийн хөрөнгө оруулалт хийгдсэн BlackRock Emerging Markets Fund сангийн үйл ажиллагааг ухаад үзвэл оросын Сбербанк, Новатэк компаниудын хувьцааг эзэмшсэн байдаг. 

Ротшильдын хөрөнгө оруулалт хийж байсан улс дунд Украин байдаггүй. Ардчилсан Украины хөрөнгө оруулалтын нөөц боломжинд итгэдэггүй ч юм уу эсвэл огт байхгүй гэж боддог байх магадлалтай. 

Ротшильдын сангийн хөрөнгө оруулалтын бодлоготой санал нийлэхгүй байхын аргагүй: дижитал эдийн засаг, мэдээллийн технологи, биотехнологи, цахилгаан хангамж зэрэг бол дэлхий даяар тогтсон тодорхой бус байдал, хуйларсан нөхцөл байдалд хөрөнгө оруулалт хийх боломжтой хамгийн таатай сонголтууд болж байна. ОХУ бол энэ утгаараа хаана ч байхгүй нөөц бололцоотой улс. Нэг талаасаа технологийн үсрэлт хийх бүрэн боломжтой, нөгөө талаасаа  Орос бол үнэхээр агуу улс. Английн гүн дэлхийн хэв журам, Орос улсын эзлэн түрэмгийлэлд санаа зовж буй нь сайн хэрэг. Энэ тогтсон хэв журмыг эвдлэх цаг ирсэн. Эвдлэхдээ өөрсөддөө хамгийн ашигтай байдлаар эвдлэх хэрэгтэй. Бидэнд боломж байна.