Шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ.

Мэдээллийн үеэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Коронавирусийн халдвар дэлхийн 215 улс, бүс нутагт бүртгэгдлээ. Шинээр Тажикстан улс, Коморын аралд бүртгэгдсэн байна. Нийт 3.2 сая хүн өвчилж, 33 мянган хүн нас барж, нэг сая гаруй хүн эдгэрсэн. Хоёр сая хүн уг өвчний улмаас эмнэлэгт эмчлүүлж байна.

Тажикстан улсад өнөөдрийг хүртэл өвчлөл бүртгэгдээгүй байсан ч гэнэт 15 тохиолдол бүртгэгдсэн байна.

Өчигдөр тусгай үүргийн онгоцоор манай улсын 278 иргэн ирсэн. Тэдгээрт жирэмсэн эмэгтэй 13, өндөр настан 29, эрүүл мэндийн шалтгаантай 43, бага насны хүүхэдтэй 95 хүн байна. Бүгд лабораторын шинжилгээ хийлгээгүй ирсэн, халдварын өндөр эрсдэлтэй бүлэгт хамаарч байгаа. 21 хоног хянаж, тусгаарлана. Одоогоор бүгдийнх нь биеийн байдал хэвийн байна. Улмаар манай улсад нийт 776 хүн тусгаарлалтад байна. 

ДЭМБ, эрдэмтэн, судлаачдын анхааруулж буй гол зүйл бол "өвчлөл дэгдсэн орноос ирсэн зорчигчид өндөр эрсдэлтэй бүлэгт орж байгаа. Эхлээд тусгаарлагдаж буй ч цаашдаа хүмүүсийн дунд өвчлөл тараах магадлал их байна" гэдгийг мэдэгдсэн. Ялангуяа Ази тив, АНУ, Европын олон оронд гаднаас ирсэн тохиолдлууд цаашдаа хүн амын дунд каластер хэлбэрээр тархсан тохиолдол олон байгаа учир анхааралтай байх шаардлагатай байна. Бид дахин хоёр үүргийн онгоц хүлээж авна. Ирсэн хүмүүсээ онцгойлон тусгаарлахгүй бол өвчлөл тархаж, эмнэлгийн орны ачаалал нэмэгдэх, эрүүл мэндийн байгууллагуудын чадавхи хүрэлцэхгүй болох эрсдэл үүсч магадгүй.

Өчигдөр ирсэн хүмүүсийн 6481 кг ачаа тээш, тэднийг тээвэрлэсэн 14 тээврийн хэрэгслийг ЗӨСҮТ эцсийн байдлаар халдваргүйжүүлж, аюулгүй болгосон. 

Хамт олон, ажлын байранд коронавирусийн халдвар тархсан тохиолдол бүртгэгдсэн бүх өвчлөлийн 40 хувийг эзэлж байна гэдгийг ДЭМБ-аас анхааруулсан. Иймд бүх байгууллага коронавирусийн үед анхаарах зөвлөмжийг ЭМЯ-наас гаргасан. /Зөвлөмжийг ЭНДдарж уншина уу/

Иргэд хүүхдүүдээ гадуур их дагуулж явж байна гэсэн мэдээлэл дахин дахин ирж буй учир эцэг, эхчүүд үүнийг анхаараарай" хэмээлээ.