УИХ дахь АН-ын зөвлөл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг хуралдахтай холбоотойгоор мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ:

Бид ерөнхийлөгчийн оруулсан байр суурийг дэмжих бодлоготой хэвээрээ. Харин санал асуулгыг ард нийтээр хэлэлцүүлэх хэрэгтэй байна. Эцэг хуульд гар хүрэхдээ заавал энэ дүрмийг баримтлах ёстой.

Яг үнэндээ өнөөдрийн эрх барьж байгаа нам, түүний гишүүдийн ихэнх нь гэмт хэрэг, ёс зүйн янз бүрийн асуудалтай. Ийм хүмүүс Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрх байгаа эсэх дээр өмнө санал хэлж байсан. Уг нь тэд Эрүүгийн хуулиар шийтгэгдэх ёстой хүмүүс эцэг хуульдаа гар хүрээд яваад байгаа нь Монголын төр ямар болсныг харуулж байна. Хууль шүүхийн байгууллагаар нэгэнт тогтоогдсон асуудлыг ярихаас илүү гэмт хэрэг үйлдсэн нь тодорхой болсон хэргийг яагаад ярихгүй байна вэ, Ц.Нямдорж сайд. Өөртэй нь холбоотой маш олон ёс зүйн асуудал байхад яагаад тайлбар хийхгүй байна гэдэг олон асуудалд тайлбар хийх хэрэгтэй байна.


УИХ-ын гишүүн АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат: 

Бидэнд ирсэн албан бус мэдээллээр МАН-ын бүлэг УИХ-ын гишүүдийн тоог 99 болгохыг дэмжсэн гэсэн. Бид үүнийг дэмжихгүй. Одоогийн 76 гишүүн нийгмийн итгэл, хүлээлтийг дааж чадахгүй байхад Үндсэн хуулийн өөрчлөлтөд гишүүдийн тоог нэмэхийг дэмжихгүй.

Хэрэв гишүүдийн тоог нэмэх гэж байгаа бол Ерөнхийлөгчийн өргөн барьсан 108 гишүүн байх, 50 хувь нь жагсаалтаар, 50 хувь нь тойргоос байх нь зөв гэдгийг бид дэмжинэ.