ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Крымд хийсэн айлчлалтай холбоотойгоор илэрхийлсэн Украины эрх баригчдын эсэргүүцлийг Москва хүлээж авахгүй. Ийм мэдэгдлийг Оросын төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков Украины Гадаад хэргийн яамны /ГХЯ/ мэдэгдэлд тайлбар өгөхдөө хийжээ.

Дээрх айлчлалыг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн Киев ОХУ-д ноот бичиг илгээсэн байна. Украины ГХЯ-ны хэвлэлийн албаны мэдээлэлд онцлон тэмдэглэснээр, “энэ айлчлал нь түр хугацаагаар эзлэгдсэн байгаа Крымын өөртөө засах Бүгд Найрамдах Улс болон Севастопольд хийдэг Оросын түшмэдийн бусад айлчлалын адил Украин улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг бүдүүлгээр зөрчсөн явдал юм”. Крым болон Севастополь хот нь Украины эрх баригчдын үзэж буйгаар, “тус улсын улсын салшгүй нэг хэсэг " гэж мэдээлэлд цохон тэмдэглэсэн байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин баасан гарагт Ялтад хүрэлцэн очжээ.

Крым болон Севастополийн эрх баригчид 2014 оны гуравдугаар сарын 16-нд ОХУ-д эргэн нэгдэх асуудлаар бүх нийтийн дунд санал асуулга явуулсан билээ. Түүнд Крымын хойгийн санал өгөх эрхтэй оршин суугчдын 80 гаруй хувь нь оролцсон юм. ОХУ-ын бүрэлдэхүүнд эргэн нэгдэхийн төлөө Крымын иргэдийн 96.7 хувь нь, Севастополийн оршин суугчдын 95.6 хувь нь саналаа өгсөн байна. Мөн оны гуравдугаар сарын 8-нд Путин Бүгд Найрамдах Крым Улс болон Севастополийг ОХУ-ын бүрэлдэхүүнд оруулах тухай гэрээнд гарын үсэг зурсан бол гуравдугаар сарын 21-нд Холбооны хурал баталжээ. Киев санал асуулгын дүнг үл харгалзан Крымыг ОХУ-ын хэсэг гэж хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан билээ.


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

ТАСС