Шинэ короновирустэй холбоотой асуудлаар Эрүүл мэндийн яамнааё өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар нийт 207 улсад  бүртгэгдэж, нэг сая 15 мянган хүн уг халдвараар өвчилж, 53.190 хүн нас барсан байна. АНУ, Итали, Иран, Испани, Герман, Швейцарь зэрэг орнуудад голомтлон эрчтэй тархаж буй. Мөн сүүлийн гурав хоногт Японы Токио хотод эрчтэй тархах хандлага гарсан. 

Манай улсад батлагдсан 14 тохиолдол бүртгэгдсэн. Хоёр нь эдгэрч, эмнэлгээс гарч тусгай сувилалд тусгаарлалтад орсон, 12 нь ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Өнөөдрийн байдлаар сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй, нийт 2310 хүн ажиглалтад байна.

Бид Засгийн газар, ДЭМБ, Азийн хөгжлийн банк, бусад хандивлагч оронтой хамтран ажилласны хүчээр өчигдөр гурав дахь удаагийн тоног төхөөрөмжийн хангалтыг хийсэн. 

Нэгдүгээрт, Эрүүл мэндийн яамны харъяа 16 төвд шаардлагатай төхөөрөмжүүд, хамгаалах хувцас, эм тариаг олгосон. 

Хоёрдугаарт, Нийслэлийн бүх дүүргийн эмнэлгүүдийн бэлэн байдлыг хангаж, шаардлагатай тоног төхөөрөмж, хувцас хэрэгсэл олгосон.

Гуравдугаарт буюу өчигдөр, 21 аймгийн эмнэлгүүдэд амьсгалын аппарат, монитор, ариутгалын аппарат, хамгаалах хувцас хэрэгсэл олгосон. Мөн нэг сайхан мэдээ нь хурдавчилсан оношлуурыг 21 аймагт олголоо. Ингэснээр аймгуудад коронавирусийг оношлох боломжтой болж байна. 

ОХУ-ын эрдэмтэд коронавирус 6-7 хэмийн температурт өсөх магадлалтай, 4-5 дугаар сард уг вирусийн халдварын оргил үе болно гэж үзэж байна. Бид үүнийг анхаарахгүй орхиж болохгүй. 

Өчигдөр бид коронавирусийн халдвар авсан хүмүүсийг эмчилж буй эмч нартайгаа цахимаар холбогдож, хурал хийсэн. Тэдний хэлж буйгаар өвчтөнүүдэд бүгдэд нь хамар битүүрэх, булчин өвдөх, бие арзайх шинж тэмдэг түгээмэл илэрч байна. Халуурах шинж тэмдэг 4-5 өвчтөнд гарсан. Японы зарим хүний бичээд буй шиг амны мэдрэхгүй алдагдах, амт мэдрэхгүй болсон зэрэг шинжүүд одоогоор илрээгүй. Клиникийн шинж тэмдгүүд нь бүдэг явагдаж буй хэрнээ өвчнийхөө 6-7 хоногт уушгиндаа бүгд хатгаатай болж буй юм байна. Иймд иргэд биеийнхээ байдалд онцгойлон анхаарахгүй бол цаашдаа гэнэт хүндрэх магадлал өндөр. Мөн өвтөнүүдийн 50 гаруй хувьд суулгах шинж илэрсэн байна" хэмээлээ.