Шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрээр "Зургаадугаар сарын 17-нд нийт 363 хүнд шинжилгээ хийсэн. 359-өөс нь коронавирус илрээгүй. Алтанбулаг боомтоор орж ирсэн автотээврийн 20 жолоочид шинжилгээ хийхэд 4 хүнээс коронавирус илэрлээ. Тэд 33, 36, 40, 59 настай Беларусийн иргэд байна. ХӨСҮТ-д авчирч байна.

Зургаадугаар сарын 17-нд тусгай үүргийн нислэгээр ирж ХӨСҮТ-д тусгаарлагдсан 5 хүний шинжилгээ, 8 хүний давтан шинжилгээ, өчигдрийн онгоцоор ирж ажиглах байранд тусгаарлагдсан 220 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Мөн өчигдрийн онгоцоор ирсэн 250 хүнээс 5-ыг нь сэжигтэй гэж үзэн тусгаарлаад шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Энэ нь транзит нислэг учраас бусад оронд байсан хүмүүс БНСУ-д цугларан ирсэн. Тандалтын зорилгоор 70 хүнд шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 6 хүний давтан шинжилгээнээс коронавирус илрээгүй" хэмээлээ.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусийн нийт 201 тохиолдол бүртгэгдсэнээс 127 нь эдгэрчээ.