Шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "Зургаадугаар сарын 07-нд нийт 46 хүний шинжилгээг хийсэн. 45-аас нь коронавирус илрээгүй. Ажиглах байранд тусгаарлагдсан 8 хүний давтан шижилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 9 хүний давтан шинжилгээнээс коронавирус илрээгүй.

Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 28 жолоочид шинжилгээ хийхэд нэгээс нь коронавирус илэрлээ. Тус хүн нь 38 настай ОХУ-ын иргэн байна.

Улмаар Монгол Улсад коронавирусийн нийт батлагдсан тохиолдол 194 боллоо. 75 нь эдгэрсэн. Одоо ХӨСҮТ-д 119 хүн эмчлүүлж байна. 103-ынх нь биеийн байдал хөнгөн, 16 нь хүндэвтэр байна. 

ХӨСҮТ-д нийт 155 хүн эмчилгээ, ажиглалтад байна. Бид тандалт, судалгаа, шинжилгээ, эмчилгээгээ үргэлжлүүлж байна. Тусгай үүргийн дараагийн онгоцуудаар ирэх хүмүүсийг хүлээж авах бэлтгэлээ хийж байгаа" хэмээлээ.

Коронавирус илэрсэн жолооч нь ОХУ-аас ирэх замдаа машины кабинаас буугаагүй, ирээд бусад жолоочтой уулзаагүй шууд тусгаарлагдсан бөгөөөд манай улс эмчилнэ. Тэрээр Монгол Улсад анх удаагаа ирсэн. Өнөөдөр Сэлэнгэ аймгаас ХӨСҮТ рүү авчирч байгаа гэдгийг ХӨСҮТ-өөс хэллээ.