Шинэ коронавирустэй холбоотой цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яам, холбогдох байгууллагууд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү "Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн  221 хүний шинжилгээг хийж дууслаа. Тэдний дотроос нэг хүнээс шинэ коронавирус илэрсэн.

Тандалтын зорилгоор цуглуулсан 25 сорьцоос коронавирус илрээгүй. Гуравдугаар сарын 25-нд нэг сэжигтэй тохиолдол ХӨСҮТ-д тусгаарлагдсан. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 184 хүн хянагдаж байна" хэмээлээ. 

Мөн тэрээр "Тусгай үүргийн онгоцоор ирсэн бүх хүн хяналтад тусгаарлагдаж байгаа. Энэ дагуу хяналтад байсан хүнээс коронавирус илэрлээ. Ойрын хавьтлуудыг яаралтай тогтоож давтан шинжилгээ авч ажиллаж байна. 

Хамгаалах хэрэгсэлтэйгээ нийлээд нэг хүнд 800.000 орчим төгрөг зарцуулагдаж байна" гэв.