Коронавирустэй холбоотой асуудлаар Эрүүл мэндийн яам, холбогдох байгууллагууд өнөөдөр 11.00 цагт мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Хоёрдугаар сарын 28-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан 5 хүний бүгдийнх нь шинжилгээнээс коронавирус илрээгүй. Хоёрдугаар сарын 29-нд сэжигтэй тохиолдол ХӨСҮТ-д хоёр, Сэлэнгэ аймагт 9-ыг тусгаарласан. Тусгаарлагдсан тэдгээр 11 хүнд тандалт, шинжилгээ, эмчийн үзлэг хийж байна" хэмээлээ.

Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан тохиолдлууд нь БНСУ-аар ОХУ-ын улсаар дамжин ирж буй хүмүүс юм. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас автобус гаргаж, мэргэжлийн хяналтын байгууллага тандалт хийн тэднийг улсын хилээр нэвтрүүлж, сэжигтэй тохиолдлуудыг тусгаарлаж, бусад хүнийг ажиглалтад аваад байна.