Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөө шөнө Сүхбаатрын зүүн, Дорнодын баруун өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:

Өнөө шөнө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч нутгийн зүүн хагаст хүйтэн хонохыг анхааруулж байна.

2019 оны 05 дугаар сарын 12-ны 20 цагаас 05 дугаар сарын 13-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дулаарч Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө Хөвсгөлийн уулсаар бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн, Орхон Сэлэнгийн сав газраар 0-5 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө дулаарч Дархадын хотгороор 7-12 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-15 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч цасан шуурга шуурна. Шөнөдөө бүх нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө нутгийн баруун хэсгээр 15-20 градус, зүүн хэсгээр 12-17 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 17-19 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө солигдмол үүлтэй, Дорноговийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар   0-5 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 16-21 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 18-20 градус дулаан байна.


 2019 оны 05 дугаар сарын 14-нөөс 05 дугаар сарын 18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 14, 16-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар,   17-нд нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 14-нд нутгийн баруун хэсгээр 15,16-нд ихэнх нутгаар,17-нд говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 

Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 15-20 градус дулаан байна. 16-нд нутгийн баруун хойд хэсгээр, 17-нд ихэнх нутгаар сэрүүснэ.