“Forbes” сэтгүүлээс гаргадаг “YouTube”-д дүрс бичлэг байршуулснаас хамгийн өндөр орлого олсон блогчдын жагсаалтыг долоон настай, америк хүү тэргүүлжээ. Уг жагсаалтыг даваа гарагт “Forbes” сэтгүүлийн цахим хуудаст нийтэлсэн байна. 

Райан гэдэг долоон настай хүү эцэг эхийнхээ тусламжтайгаар “Ryan ToysReview” блогийг “YouTube”-д хөтлөн явуулдаг бөгөөд тэрбээр 17.3 сая дагагчтай бол дүрс бичлэгүүдийг нь жилд 26 тэрбум орчим удаа үзжээ. Бяцхан блогчин тоглоомоороо тоглож, төрсөн сэтгэгдлийнхээ талаар ярьдаг байна. Үүнийг нь эцэг эх нь камераар авч, YouTube”-д байршуулдаг аж. 

“Forbes” сэтгүүлийн тооцоолсноор, “Ryan ToysReview” сувгаас хүү жилд 22 сая ам.долларын ашиг орлого олжээ. Энд судлаачид 2017 оны зургадугаар сарын 1-нээс 2018 оны мөн сарын 1 хүртэлх татвар төлөхийн өмнөх орлогыг тооцсон бөгөөд зуучлагч, менежер болон хуульчид зарцуулсан зардлыг оруулаагүй байна. 

Жагсаалтын хоёрдугаарт, 21 настай жүжигчин, блогчин Жейк Пол бичигджээ. Лос-Анжелес хотын оршин суугч болох түүнийг дагагчдын тоо 17.6 саяд хүрсэн байна. Жейк Пол жилийн хугацаанд хөтөлсөн блогоосоо 21.5 сая ам.долларын орлого олсон аж. Гуравдугаарт, таван залуугийн инээдмийн төрөл жанраар хөтлөн явуулдаг спорт тоглоомуудын тухай “Dude Perfect” блог бичигдсэн байна. Уг блогийг байнга үздэг 36.9 сая хүн жилд 20 сая ам.долларын ашиг орлогыг залууст авчирчээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, TASS