ОХУ-ын зүүн нутгийн боомт хот болох Владивостокт өнөөдөр эхэлж буй Дорнодын эдийн засгийн 4 дүгээр чуулга уулзалтад дэлхийн улс орнуудын удирдагчид, бизнесийн салбарын манлайлагчид оролцож байна.

“Алс Дорнод: Боломж бололцооныхоо хүрээг тэлэх нь” сэдвийн хүрээнд гурав хоног үргэлжлэх энэхүү чуулга уулзалтад 60 гаруй орны олон мянган төлөөлөгч оролцож байгаа юм.

Алс дорнод бүс нутгийн хөгжил, аж үйлдвэрийн салбарын тэргүүлэх чиглэлүүд, хөрөнгө оруулагчдыг дэмжих арга хэрэгслүүд хийгээд амьдрах нөхцлийг сайжруулах арга хэмжээнүүд зэрэг сэдвээр чуулга уулзалтад оролцогчид санал бодлоо солилцох аж.

Чуулга уулзалтын үеэр соёл, спорт болон боловсролын хөтөлбөрүүдийг мөн зохион байгуулах юм.

Энэ удаагийн чуулга уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар БНХАУ-ын дарга Си Жиньпин оролцож байгаа аж. Хятадын удирдагч Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад анх удаа оролцож буй нь энэ юм байна.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус уулзалтад оролцохоор өнөө өглөө эх орноосоо мордсон. Тэрээр Монголын төлөөлөгчдийг тэргүүлж 2 дахь удаагаа Владивостокын чуулга уулзалтад оролцож буй юм.