Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг Төрийн ордонд боллоо. Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч Д.Оюунхорол удирдав. 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль анх 2005 онд батлагдснаар төрийн худалдан авах үйл ажиллагаа хуулийн нэгдсэн зохицуулалтад орсон бөгөөд хуулийн хэрэгжүүлэх шатанд нийт 20 гаруй нэмэлт, өөрчлөлт орсон байна.

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ

Худалдан авах ажиллагаанд ил тод нээлтттэй, авлига, ашиг сонирхлоос ангид шударга өрсөлдөөний зарчмыг нэвтрүүлэх, төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх, Засгийн газрын худалдан авах ажиллагаагаар дамжуулан хувийн хэвшил түүний дотор үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих бодлогын асуудал үе үеийн Засгийн газар, парламентын худалдан авах ажиллагааны бодлогын цөм байсаар ирсэн гэдгийг онцоллоо.

Энэ удаагийн парламентын бүрэн эрхийн хугацаанд Засгийн газар болон УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан нараас худалдан авах ажиллагааны зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр холбогдох хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлсэн юм. 

Өргөн мэдүүлсэн хуулийн төслийг цаг алдалгүй батлан гаргах нийгмийн хэрэгцээ шаардлагын дагуу УИХ-ын Төсвийн байнгын хорооноос нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж байгааг Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга тэмдэглэв. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч Д.Оюунхорол төсөлд тусгах ажлын хэсгийн саналуудыг танилцуулсан юм. 

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Оюунхорол:

"Одоо мөрдөгдөж буй хуульд хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг “хамгийн сайн үнэлэгдсэн тендер” гэж үзнэ гэж заасантай холбоотойгоор тендерт ялсан этгээд чанар муутай, насгүй гүйцэтгэлийг хүлээлгэн өгч байна. Иймээс “хамгийн сайн үнэлэгдсэн тендер”-ийн тухай ойлголтыг тодотгон, найруулгыг сайжруулах шаардлагатай байгааг тэрбээр онцоллоо. Ингэхдээ чанар, техникийн үзүүлэлтийн үнэлгээ нь шаардлага хангасан материалуудыг дараагийн шатанд үнэлэх гол шалгуур нь “харьцуулалтын хамгийн бага үнэ” гэсэн байдлаар төслийн 27.3 дахь заалтыг найруулах шаардлага байгаа гэж ажлын хэсэг үзсэн байна. Мөн барьцаа төлбөр авахаар тусгасан нь өрсөлдөөнийг хязгаарласан, харилцан хяналт тавих тогтолцоог сулруулсан төдийгүй Үндсэн хуулийн зөрчил үүсгэх магадлалтай тул барьцаа төлбөр авах заалтыг хасах саналыг гаргажээ.Мөн худалдан авах ажиллагаанд оролцогчдыг сонгон шалгаруулахдаа тухайн компанийн санхүүгийн чадавхаас илүүтэй тухайн бараа, ажил үйлчилгээг үзүүлэх мэргэжлийн багийг сонгон шалгаруулдаг байх, тэдэнд давуу эрх олгодог байх эрх зүйн зохицуулалтыг бий болгох боломжтой хэмээн үзжээ. Үүний зэрэгцээ ТЭЗҮ бэлэн биш, зураг төсөв нь батлагдаагүй, газрын зөвшөөрөлгүй, дэд бүтцэд холбогдоогүй төсөл арга хэмжээг төсөвт тусгаж баталдаг, Төсвийн болон Барилгын тухай хуулийг зөрчдөг байдлыг халах эрх зүйн зохицуулалтыг бий болгох боломж бүрдэнэ. Тендерт шалгарсан боловч чанаргүй ажил гүйцэтгэдэг компаниудын “хар жагсаалт”-ыг нийтэд ил тод зарлах, худалдан авах ажиллагаанд оролцох эрхийг нь хасах зэрэг хуулийн хэм хэмжээний заалтыг сэргээх саналыг ажлын хэсэг гаргах ёстой. Түүнчлэн тендерийн үнэлгээний хорооны гишүүдийн хариуцлагыг өндөржүүлэх, тендерийн маргааныг хянан шийдвэрлэх шүүхийн процессыг хялбаршуулах шаардлага бий хэмээн ажлын хэсгийн танилцуулгад дурдсан" гэв.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Засгийн газрын аж үйлдвэрийн зөвлөлийн холбогдох албан тушаалтан, мэргэжилтнүүд болон Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөлөл оролцсон. 

Худалдан авах ажиллагааны шуурхай зохион байгуулалтыг хангах зорилгоор урьдчилан худалдан авах ажиллагаа, байгаль орчинд ээлтэй шинэ технологи нэвтрүүлэх, байгаль орчинд ээлтэй бизнесийг дэмжих зорилгоор ногоон худалдан авах ажиллагааг хуулийн төсөлд тодорхойлж, холбогдох заалтыг нэмсэн болохыг С.Наранцогт дарга дурдав. 

Түүнчлэн дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор хуулийн холбогдох зохицуулалтыг боловсронгуй болгож, зохих өөрчлөлтүүдийг хуулийн төсөлд тусгасны зэрэгцээ худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулах үүднээс тендерийн хүчинтэй байх хугацааг багасгасан гэж төсөл санаачлагчид танилцуулгадаа дурджээ. Мөн барьцаа төлбөр байршуулж гомдол гаргах, гомдол нь үндэслэлтэй бол барьцаа төлбөрийг буцаан олгох зохицуулалтыг нэмж тусгасан бөгөөд ингэснээр үндэслэлгүй гомдол гаргах явдал буурна гэж үзжээ. 

Тэрбээр уг хуулийн төсөлд шинээр тусгагдсан цахим систем болон ногоон худалдан авах ажиллагааны талаар онцолж байлаа.

Хэлэлцүүлгийн төгсгөлд УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Оюунхорол өнөөдрийн хэлэлцүүлгийн үеэр оролцогч талуудын гаргасан санал, төсөлтэй холбоотой шүүмжүүд нь эрх зүйн болон практик тулгамдсан олон асуудлын гарц шийдэл байсныг дурдаад, уг хуулийн төслийг сайжруулах, худалдан авах ажиллагааны чиглэлээр Засгийн газар, УИХ-ын цаашдын бодлого, шийдвэрт тусгалаа олно гэдгийг онцоллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.