Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүд тус хуулийн төслийг тойргийнхоо иргэдэд танилцуулж, санал бодлыг нь сонссон.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлаар УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Иргэдтэй уулзаж явахад шүүхтэй холбоотой саналууд нэлээд ирсэн. Шүүхийг шударга болгох, ард иргэдэд үйлчилдэг болгох чиглэл рүү заалт оруулж ирээч гэсэн саналууд маш их яригдсан. Эдгээрийг зарчмын зөрүүтэй саналууд дээр тусгаж өгч байгаа. Үндсэн хуулийн журмын хуулиар одоо өргөн баригдсан 25 заалт, нэг бүрчилж үзвэл 55 заалт бий. Иргэдээс ирүүлж буй нэмэлт саналууд энэ 55 заалтын хүрээнд байх ёстой. Өөр хүрээнд ярихгүй. 

Тус хуулинд улс төрийн нам улс орон даяар үйл ажиллагаа явуулна гэж оруулсан. Тэгэхгүй бол хувь хүний нам бас байна. Намын санхүүжилт ил тод, олон нийтэд нээлттэй байхыг тусгасан. Бид Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийн төслөө бэлэн болгоод ард иргэдээс асууя гэсэн зарчим барьж ажиллаж байгаа. Иргэд дэмжвэл тэр л биз, дэмжихгүй бол бас тэр биз. Бид өөрөө батлая гээгүй иргэд дэмжвэл батална. 

Ард нийтийн санал асуулгад 14-15 тэрбум төгрөг зарцуулна гэж хамгийн багаар тооцсон байна лээ. Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Цагдаагийн байгууллга 3 голлож ажилладаг. Хурууны хээ уншуулна, хар машин ажиллуулна, 2000 гаруй хэсгийн хороо ажиллана гэх мэт тооцоонууд гаргасан байна. Зарлагыг эцэслэж яриагүй. 

Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хоёрдугаар хэлэлцүүлэг шийдэгдэнгүүт зардал мөнгө бусад зүйлс яригдана. 

Мөн УИХ-ын гишүүн Үндсэн хууль зөрчсөн болон эгүүлэн татах үндэслэлтэй гэж Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарсан бол тухайн гишүүнийг эгүүлэн татна гэсэн заалт оруулахаар МАН-ын бүлэг өнөөдөр шийдвэрлэлээ" хэмээн өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ хэллээ.