ОХУ-ны Ерөнхийлөгч Владимир Путин болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын уулзалт хаана, хэзээ болох талаар талууд тохиролцоонд хүрсэн бөгөөд дэлгэрэнгүйг пүрэв гарагт зарлана гэж ОХУ-ын төрийн тэргүүний туслах Юрий Ушаков сэтгүүлчдэд мэдэгджээ. Энэ тухай тэрбээр В.Путин болон Д.Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон нарын уулзалтын дараа мэдэгдсэн байна.

“Хоёр улсын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын талаархи асуудлыг талууд удаан хугацаанд хаалттай хэлэлцсэн. Дээд хэмжээний уулзалт хийгээд түүнийг хаана, хэзээ хийхээ талууд тохиролцсон гэж хэлж болох юм. В.Путин, Д.Трамп нар гуравдагч оронд уулзана. Энэ талаархи дэлгэрэнгүй мэдээллийг бид маргааш өгөх болно” гэж тэрбээр хэлсэн байна.

Хоёр улсын удирдагчдын уулзалт Финландын Хельсинки хотод болж магадгүй байгаа талаар өмнө нь хэвлэлүүд мэдээлж байсан билээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг