Колумбийн дуучин Шакира ирэх 6 дугаар сарын 12-нд Испанид шүүх хурлаар орох болжээ. Түүнийг татвараас зайлсхийсэн хэрэгт буруутгасан байна.

Дуучин бүсгүйг 6 зүйлээр буруутгасан прокурорын газрын нэхэмжлэлийг Эсплугес-де-Льобрегат хотын шүүх хүлээн авчээ. Прокурорын газрын үзэж байгаагаар, дуучин Шакира Кайманов арлууд болон Виргини арлууд хийгээд бусад офшор бүсүүдэд байгуулсан 14 компаниар дамжуулан олсон мөнгөө нуун дарагдуулсан аж. Түүнийг 14.5 сая еврогийн татвар төлөхөөс зайлсхийсэн гэж үзэж байгаа юм.

Өдгөө 41 настай дуучин Шакира нь дуу зохиогч, бүжигчин, хөгжмийн продюсер, бүжиг дэглээч, мөн загвар өмсөгч хийдгээрээ олонд танигдсан. Тэрбээр зөвхөн испани төдийгүй англи хэлээр хөгжмийн ертөнцөд амжилт олсон Латин Америк дуучин бөгөөд “МTV Video Music Awards” шагналын 5, “Грэмми”-ийн 2, “Billboard Music Awards” шагнал гардуулах ёслолын 7 удаагийн шагналын эзэн болж байсан юм.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, РИА Новости