Монгол Улсаас АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ёндонгийн Отгонбаяр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

БСШУС-ын дэд сайдаар ажиллаж байсан Ё.Отгонбаярыг Монгол Улсаас АНУ-д суух Элчин сайдаар томилох шийдвэрийг 2017 оны тавдугаар сарын 25-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн баталсан билээ. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас Итгэмжлэх жуух бичгээ 2018 оны гуравдугаар сарын 23 буюу өнгөрөгч баасан гарагт гардаж авсан юм.

Харин өчигдөр Элчин сайд Ё.Отгонбаяр Итгэмжлэх жуух бичгээ АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампад гардуулсан талаар АНУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас мэдээ ирүүлж байна.

Элчин сайд Ё.Отгонбаяр томилогдох үеэрээ АНУ-тай эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх, хүмүүнлэгийн харилцаа улам өргөжүүлэх, визгүй зорчих бэлтгэлийг хангаж ажиллахаа илэрхийлж байсан. Мөн тэрбээр хоёр улсын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний гаалийн татварын асуудалд онцгой анхаарал хандуулж ажиллана гэдгээ мэдэгдээд байгаа юм.