Эрүүл мэндийн байгууллагын ажилчид өнөөдөр шаардах цуглаан зохион байгуулж, мэдээлэл хийлээ.

Монголын Эрүүл мэндийн ажилчны үйлдвэрчний эвлэлийн холбооноос энэ оны хоёрдугаар сараас эхлэн Засгийн газар, УИХ, Эрүүл мэндийн яаманд эрүүл мэндийн байгууллагын ажилчдын цалинг нэмэх шаардлага хүргүүлсэн. Тус шаардлагын хариуд тодорхой шийдэлтэй хариу ирүүлээгүй гэж үзэн эмч, эмнэлгийн байгууллагын ажилчид цалин нэмэхийг шаардсэн тэмцэл, цуглааныг хэд хэдэн удаа зохион байгуулсан юм. 

Өнөөдрийн цуглаанаар тэд Засгийн газартай гурван талт хэлэлцээрийн ард суух, Засгийн газрыг мөрийн хөтөлбөрөө биелүүлэх гэсэн хоёр үндсэн зүйлийг шаардан, дуу хоолойгоо нэгтгэлээ. 

Энэ үеэр Эрүүл мэндийн ажилчны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар "Эрүүл мэндийн байгууллагын ажилчид бид хоёрын хооронд 5-10 хувиар цалингаа нэмүүлэх гэж, эсвэл урамшууллын хэдэн төгрөг авах гэж нэгдэж тэмцээгүй. Бид иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө цаг наргүй ажилладаг Монгол хүний үнэлэмжийг нэмэгдүүлэхийн төлөө нэгдэж байна. Хэрвээ ойрын хугацаанд эмч нарын цалинг 50 түүнээс багагүй хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргахгүй бол цаашид тууштай тэмцэхээ мэдэгдэж байна" гэв.