Сүүлийн өдрүүдэд виферон лааг хэрэглэж болох эсэх талаар, нэн ялангуяа хүүхдийн томуу, томуу төст өвчний үед хэрэглэж болох эсэх талаар нэлээд зөрчилдөөн үүсээд буй юм.

Уг асуудлаар Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр мэргэжилтнүүд "Монгол Улсад эм ханган нийлүүлэх 384 байгууллага байдаг. Эдгээр байгууллагууд нийт 5880 төрлийн эмийг ханган нийлүүлдэг бөгөөд эдгээрээс 3939 эмийг нь импортоор оруулж ирдэг. Тэдгээр импортын эмүүдийн нэг нь "Энто" компанийн оруулж ирдэг Вифорен лаа юм.

Вифорен лааг хүүхдэд хэрэглэхийг хориглосон бөгөөд ахмад хүмүүс болон насанд хүрэгчдэд нэн шаардлагатай тохиолдолд жорын дагуу олгохоор шийдвэрлэсэн" хэмээв.

ЭМЯ-ны Эмийн тусламжийн газрын дарга н.Баттүвшин "Ямар эмийг хэрхэн хэрэглэх талаарх журмыг бид Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/, ЭХЭМҮТ гэсэн 2 төвийнхөө журамд үндэслэн гаргадаг. ХӨСҮТ-өөс ирүүлсэн хүүхдийн хэрэглэх эмийн жагсаалтад Виферон лаа ороогүй. Мөн ЭХЭМҮТ-ийн хамгийн сүүлд батласан эмийн удирдамж дээр нэн шаардлагатай тохиолдолд, жорын дагуу эмчийн заалтаар л хэрэглэнэ гэж заасан" гэдгийг онцлон хэллээ.

Виферон лаатай холбоотой асуудлыг цэгцлэх зорилгоор холбогдох мэргэжилтнүүд Ажлын хэсэг байгуулан Эрүүл мэндийн яам дээр ажилласан байна. 

Тус ажлын хэсэг "Вифорен лаа нь томуу, томуу төст өвчний үеийн эмчилгээний удирдамжид ороогүй. Тиймээс томуу, томуу төст өвчний үед Виферон лааг хэрэглэхгүй" гэдгийг анхаарууллаа.

Мөн хэвлэл мэдээлэл болон цахим хэрэгслээр Вифорен лааг сурталчилж буй нь хууль зөрчсөн үйлдэл гэдгийг санууллаа.

Вифорен лааг 2010 оны 8 дугаар сарын 25-нд Монгол Улсын эмийн бүртгэлд анх удаа бүртгэсэн бөгөөд одоогоор дэлхийн хэмжээнд манай улсаас гадна 11 улс эмийн бүтгэлдээ бүртгэсэн байдаг аж.