ШИНЭ ДЕЛИ. /RIA Novosti/. Энэтхэгийн зүүн нутгийн Орисса мужид энэ сарын эхээр дэгдсэн “Фани” хар салхины улмаас амиа алдсан хүний тоо 64 болж нэмэгдлээ гэж телевизийн “NDTV” суваг мэдээлжээ.


Байгалийн гамшгийн улмаас 43 хүн амиа алдсан гэж урьд нь мэдээлж байв. “NDTV” сувгаар мэдээлснээр, эрэг хавийн Пури хот хамгийн их хохирол амсжээ. Аврагчид тус хотоос 39 хүний цогцос илрүүлсэн байна.


Одоо мужийн эрх баригчид байгалийн гамшигт өртсөн 10 мянга гаруй сууринд сэргээн босгох ажил явуулж байна. Гамшгаас учирсан хохирлын нийт хэмжээг хараахан гаргаагүй байгаа аж. Энэ удаад Орисса мужийг 2014 оноос хойших хамгийн хүчтэй хар салхи дайрчээ.


Аюулгүй байдлыг хангах үүднээс мужийн эрх баригчид нэг сая гаруй хүнийг түр оршин суух хуарангуудад байрлуулсан юм. Хэрэв аюултай бүсүүдийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлээгүй бол хохирогчийн тоо илүү олон байх байсныг шинжээчид дурджээ.


Эх сурвалж: Монцамэ агентлаг