АНУ-ын эрдэмтэд түүхэнд анх удаа лабораторийн нөхцөлд “тархинаас тархинд” бодлын дохиог шууд дамжуулах болон хүлээж авах гурван оролцогч бүхий сүлжээ бүтээсэн байна. Энэ тухай тус улсын Массачусетсийн технологийн хүрээлэнгийн мэдээлэлд дурджээ.

Туршилтыг Америкийн Сиэтл хотын Вашингтоны их сургуулийн судлаачид явуулсан байна. Тус их сургуулийн эрдэмтэн Андреа Стокко мэргэжил нэгтнүүдийнхээ хамтаар "тархины сүлжээг" бүтээхийн тулд тархины идэвхтэй байдлын үзүүлэлтүүдийг бүртгэдэг тархины цахилгаан бичлэгийн мэдрэгч, мөн гавлын ясаар дамжуулан соронзон түлхэц өгдөг аппарат ашиглажээ. Энэ технологийн тусламжтайгаар тархинд шууд дохио өгөх боломжтой байна.

2015 онд эрдэмтэд энэ механизмыг “тархи-тархи” холбоосоор хоёр хүнийг холбоход ашигласан бөгөөд туршилтад оролцогсод 20 асуултад хариулт өгөх тоглоомд оролцож байжээ. Туршилтын дараагийн шатанд эрдэмтэд ийм “харилцан ярианд” бусад хүнийг нэгтгэхээр шийдсэн байна. “BrainNet” гэж нэрлэсэн уг сүлжээгээр лабораторын өөр өөр өрөөнд байсан туршилтад оролцогчид “тетрис” тоглоомыг хамт тогложээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг