"Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг өчигдөр "Ам нээвэл" нэвтрүүлэгт орохдоо тус компанитай холбоотой хэд хэдэн баримт дэлгэлээ.

Тэрбээр улс төржилт, хөрөнгө оруулалтын асуудлаас болж 10 гаруй жилийг алдлаа, харин одоо л бүх талаасаа боломж бүрдсэн алтан үе тохиогоод байгааг дурьдсан юм. Хөрөнгө оруулагчийн хувьд ч мөн 100 хувь анхаарлын төвд байгаа, хамтарч ажиллахаар олон томоохон компаниуд санал тавьж байгаа гэв.

Б.Ганхуяг: "Чайна Энержи" компанийн хөрөнгө оруулалт бидэнд ус агаар шиг хэрэгтэй, гэхдээ гэрээгээ "Оюутолгой" шиг муу хийж болохгүй

Тухайлбал "Чайна Энержи" компанийг дурьдав. Энэ талаар ярихдаа:

"Бид ганцхан IPO гаргахын төлөө биш бусад хөрөнгө оруулагчийг хайна. Бид,

1. Өөрсдийн дотоод нөөцөөрөө зарим төслийг санхүүжүүлнэ

2.IPO хийж санжүүлнэ

3. Тодорхой төслүүд дээр хөрөнгө оруулж, хамтарсан төрлийн санхүүжилтээр явж байгаа. 

"Чайна энержи бол дэлхийд нэгдүгээрт бичигдэх эрчим хүч үйлдвэрлэгч компани. Энэ компанийн өөрийнх нь төмөр зам нь хүртэл Гашуунсухайт, Ганц мод орчимд ирчихсэн. Энэ компани бид нарт бодитой санал тавиад хамтарч ажиллах хүсэлтээ илэрхийлсэн. Гэхдээ санамж бичиг төдий биш гэрээний түвшинд ажиллах бизнесийн ашигтай саналаа хоёр талаасаа хэлэлцээд явж байна. Энэ компанийн хөрөнгө оруулалт бидэнд ус агаар шиг хэрэгтэй.  Гол нь Монголын талд ашигтай, хэт нэг талдаа давуу байдал олгоогүй хэлэлцээр хийх ёстой. Хийх цаг нь ч болчихсон. Үүний ард Хятадын төр засгийн дэмжлэг бий. Манай ард ч Монголын төр засаг бий. Тэгэхээр хамтарч ажиллах боломжтой. Бид Оюутолгой шиг муу гэрээ хийж асуудал дагуулахгүйн тулд анхнаасаа гадны зөвлөхүүдийг ажиллуулж байна. Хэрэв нэг зөв замдаа орчихвол энэ төсөл цаашдаа 200-300 жил монголчуудыг тэжээж тэтгээд явчихна" гэсэн юм. 

“Чайна Энержи” корпорацийн төлөөлөгчид өнгөрсөн оны 6 дугаар сард  Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазартай уулзсан байдаг. Энэ үеэр “Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай” тогтоолтой холбоотой мэдээлэл авч, дэд бүтцийн төслүүд дээр  хамтран ажиллах  талаар санал солилцсон билээ. 

Юутай ч Хятад, Монголын төрийн дэмжлэгтэйгээр "Чайна Энержи" компанийг хөрөнгө оруулагчаар сонгогдох нь бололтой.