"Хэвтүүл" хөдөлгөөнөөс Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг шалгуулахаар АТГ-т өргөдөл өглөө.

"Хэвтүүл" хөдөлгөөний гишүүн Л.Алтансүх АТГ-т албан бичиг өгөх үеэрээ "Бид АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст мэдээлэл, гомдож байна. 60 тэрбумын схемийн үр дүнд бий болсон Засгийн газар, УИХ-ын гишүүд 2016 оны сонгуулиар амласан амлалтаа биелүүлэлгүй 3 жил боллоо. Амлалтаа биелүүлээгүйгээс гадна ЖДҮ-ийг дэмжих зэрэг сангуудаас иргэдийн боломжийг хулгайлсан үйлдлүүд удаа гарч буйг жигшин зэвүүцэж байна. Монгол Улсад 155.060 аж ахуйн нэгж байдгаас 78.500 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Эдгээрийн 86 хувь нь жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт багтдаг. 

Үүнд 800 мянга гаруй иргэн ажиллаж байгаа. Эдгээрийн цаана 1-5 хүн байдаг гэж тооцвол нийтдээ нэг сая гаруй хүн ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авч, бизнес эрхлэх боломжийг УИХ, Засгийн газрын гишүүд хулгайлсан баримт байгаа. Иргэдийн амьдрал өдөр ирэх тусам дордож, валютын ханш тэнгэрт хандаж байна.

Үүнийг манай "Хэвтүүл" хөдөлгөөнийнхөн тэвчихгүй. Ийм байхад эрх баригчид таг дүлий юм шиг байна. 

Эрх барьж буй намын дарга, Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх хууль зөрчсөн байж болзошгүй гэсэн үндэслэлүүдийг бид АТГ-т албан бичгээр мэдэгдэж байна. Өнөөдөр бид үүнийг хараад дуугүй сууж чадахгүй. Нэгдэж тэмцэхгүй бол болохоо байлаа. 65 суудалтай МАН төрийн сүлдний өмнө тангараг өргөчихөөд, тангаргаа зөрчиж ЖДҮ эрхлэгчдийн мөнгийн хулгайлж буйг бид тэвчиж чадахгүй" гэдгийг хэллээ.

АТГ-т өгч буй тус албан бичигт:

"Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд холбогдуулан Эрүүгийн хуулийн 22.5.2 дахь хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй талаарх гомдлыг дараах үндэслэлээр гаргаж байна.

Үндэсн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар Ерөнхий сайд нь Засгийн газрын удирдаж, хууль биелүүлэх ажлыг УИХ-ын өмнө хариуцах ёстой. 

Гэвч У.Хүрэлсүх нь хууль биелүүлэх ажлаа хийх бус өөрийн удирдсан Засгийн газрын харъяа тусгай сангийн мөнгөөр зохион байгуулалттайгаар өөртөө болон Засгийн газарт давуу байдал олгох зорилгоор УИХ-ын нэр бүхий гишүүдийг хахуулдаж, хууль зөрчсөн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр олон дурдагдаж байна. 

Энэ нь Эрүүгийн хуулийн 22.5д заасан хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй гэж үзэхэд хүргэж байна. 

Тухайлбал У.Хүрэлсүх нь өөрийгөө Ерөнхий сайдад дэмжүүлж, санал авсан болон өөрийн Засгийн газрын огцруулахаас хамгаалж санал өгүүлсэн УИХ-ын гишүүдийн дийлэнх нь Засгийн газрын дэмжлэгтэйгээр ЖДҮ-ийг дэмжих сангаас хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авсан гишүүд байна.

Түүнчлэн У.Хүрэлсүх нь Засгийн газрын харъяанд байх тусгай сангийн хөрөнгөөр албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахуульдсан УИХ-ын гишүүдийнхээ тусламжтайгаар Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-д элсүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлж байгаа нь түүний хахуулийн хэрэг Монгол Улсыг худалдах хэмжээнд хүрч болзошгүй гэх болгоомжлолыг төрүүлж байна. 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй буй тул гомдлыг хүлээн авч, шалгаж өгнө үү" гэжээ.