АНУ-ын “Air Force One” буюу Ерөнхийлөгчийн нисэх онгоцнуудын өнгийг өөрчилж, улаан, цагаан, цэнхэр өнгөөр будна гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэв.

Тэрбээр “CBS” цахим мэдээллийн хуудсанд ярилцлага өгөхдөө, “нисэх онгоцнуудыг улаан, цагаан, цэнхэр өнгөөр будна. Энэ нь илүү тохиромжтой байх гэж бодож байна” гэж мэдэгджээ.

АНУ-ын Ерөнхийлөгч агсан Жон Ф. Кеннеди болон тэргүүн хатагтай Жаклин Кеннеди нар 1960-аад онд Ерөнхийлөгчийн нисэх онгоцны одоогийн өнгийг сонгож байсан байна.

Нисэх онгоцнуудын өнгийг өөрчлөх ажил 2021 оны эхээр дуусах ажээ.

“Air Force One”-ны бүрэлдэхүүнд хоёр нисэх онгоц багтдаг байна. Хамгийн анхны албан ёсны нисэх онгоц 1959 онд ДуайтД.Эйзенхауэр Ерөнхийлөгч агсны үед нисэж байсан бөгөөд тухайн үед нисэх онгоц улаан, алтан шаргал өнгөтэй байжээ. Үүний дараахан Ерөнхийлөгч агсан Жон Ф.Кеннеди өнгийг өөрчлөн цайвар цэнхэр, цагаан болгосон байна.

Д.Трамп нисэх онгоцнуудын өнгийг өөрчилнө гэж мэдэгдсэн нь олон нийтийн цахим хуудаснуудад багагүй шүүмжлэлийг дагуулаад байна. Тухайлбал ОХУ-ын Ерөнхийлөгчийн нисэх онгоц улаан, цагаан, цэнхэр өнгөтэй, мөн БНХАУ, Францын онгоцнууд улаан, цагаан, цэнхэр өнгөтэй, энэ буруу шийдвэр юм гэсэн сэтгэгдэл олон нийтийн цахим хуудаснууд олноор нийтлэгджээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг