УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ.

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн сарын 20-нд Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай УИХ-ын 73 дугаар тогтоолд хориг тавьсан. Тус хоригийг чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, "Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй" гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 53 гишүүний 19 нь буюу 35.8 хувь нь дэмжлээ.

Улмаар Ерөнхийлөгчийн Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай УИХ-ын 73 дугаар тогтоолд хэсэгчлэн тавьсан хоригийг УИХ хүлээж авлаа.

Гишүүдийн 33.4-өөс дээш хувь нь дэмжсэн тохиолдолд хоригийг хүлээж авах журамтай аж.