"Багшдаа тусалъя" эцэг эхчүүдийн холбооноос өнөөдөр багшийн цалин нэмэх асуудлаар мэдээлэл хийлээ.

Боловсролын салбар бол улсын тэргүүлэх салбар. Үүнийг төр засаг, иргэд бүгд мэддэг, ярьдаг. Гэвч боловсролыг түгээгч багш нарын цалингийн хэмжээ болон нийгмийн хэрэгцээний бусад асуудлыг төрийн удирдлагууд огтхон ч анзаардаггүй гэдгийг тус холбооныхон онцолж байна.

Мөн тэд өнөөдөр багш нарын сарын цалин зарим эрх мэдэлт даргын хоёр хоногийн хоолны мөнгөтэй тэнцэж байна. Хүүхдүүдийг сурган хүмүүжүүлэхийн төлөө цаг наргүй ажилладаг багш нар ийм бага цалинтай ажиллана гэдэг шударга бус зүйл. Тиймээс эцэг эхчүүд бид багшийн цалинг нэмүүлэхээр тэмцэж буй "Багшийн цалин нэмүүлэх түр хороо"-ноос зохион байгуулж буй үйл ажиллагаануудыг дэмжиж, хамтран ажиллаж байгаа гэдгээ мэдэгдлээ.

Энэ үеэр "Багшдаа тусалъя" эцэг эхчүүдийн холбооны тэргүүн, доктор Д.Дуламсүрэн "МАН 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулиар багшийн цалин нэмнэ гэсэн амлалт өгч төрд гарсан. Тиймээс энэхүү амлалтаа биелүүлэхийг бид шаардаж байна. Багшийн цалинг үе шаттай нэмэх боломж улсын төсөвт байгаа эсэхийг манай мэргэжилтнүүд судалж байгаа. Судалгаа болон статистик мэдээллүүдээс үзэхэд Монголын төр үр ашиггүй зүйлд маш их хэмжээний төсөв зарцуулдаг нь харагдаж байна. Тиймээс эдгээр үр ашиггүй зарцуулалт болон урсгал зардлуудаа багасгаснаар багш нарын цалинг нэмэх бүрэн боломж байна гэж бид үзэж байна" хэмээв.