ВАШИНГТОН. /ABC/. Энэ онд Эверест уулын оргилд гарсны дараа амиа алдсан хүмүүсийн тоо даваа гарагт 11 хүрч нэмэгдсэн байна.

“Америкийн иргэн, 62 настай, хуульч Критофер Жон Кулиш Эверестийн оргилд Балбын талаас гарсны дараа даваа гарагт нас барсан” гэж Балба улсын Аялал жуулчлалын газрын төлөөлөгч Мира Ачаря мэдэгджээ. Түүний нас барсан шалтгааныг хараахан тодорхойлоогүй байна.

Өнгөрсөн пүрэв гарагт Автрийн иргэн, 64 настай Эрнст Ландграф Эверестийн оргилд гарах мөрөөдлөө биелүүлснээсээ хойш хэдхэн цагийн дараа нас барсан тухай түүний ар гэрийнхэн мөн даваа гарагт албан ёсоор мэдээлжээ. 

Уулчдын нас барсан шалтгаан нь хэт их ядарч туйлдсан хийгээд ууланд гарах чиглэлд үүссэн урт дараалалтай холбоотой хэмээн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Харин Балба улсын Аялал жуулчлалын удирдах газрын дарга Данду Радж Гимир даваа гарагт энэхүү мэдээллийг няцаагаад, цаг агаарын таагүй нөхцөл байдал болон өөр бусад олон хүчин зүйл нөлөөлсөн хэмээн мэдэгдсэн юм. 


Эх сурвалж: Монцамэ агентлаг